Олон улсын мэргэжилтнүүдийн “Walzer’s” багийнхан хулангийн тухай ингэж бичсэнийг “Science News” цахим хуудсанд нийтэлжээ.
Адуу, илжигний өвөг дээдэс бол хулан. Тэднийг олноор агнаж, амьдрах орчныг нь сүйтгэж байгаагаас энэ ховор амьтны төрөл зүйл устаж, үгүй болоход хүрлээ. ХБНГУ, БНХАУ, Монголын мэргэжилтнүүдийн хамтарсан “Walzer’s” баг Энэтхэг, Иран, Туркменистанд тархсан хулангийн тоо толгой нь цөөрч байгаа шалтгааныг тодруулах, тэднийг хамгаалах арга нөхцөлийг судалсан байна. Мөхлийн ирмэгт ирээд буй энэ амьтны хоргодох сүүлчийн газар Монголын говь болоод байгааг энд дурдах нь зүйтэй болов уу.
“Walzer’s” багийн эрдэмтэн Петр Качиньский монгол хулангийн нутагшилтыг судалсны дүнд тэд голдуу хур тунадас, биомасс багатай газарт амьдардгийг тогтоожээ. Хулгайн ан, малтай бэлчээр булаалдах гээд хулангийн тоо толгой цөөрөхөд нөлөөлж буй хүчин зүйлүүд бий. Ийм учраас ч тэд аюулаас зугатааж, хүн ам багатай, зэлүүд, хэт хатуу ширүүн нөхцөлд амьдрахаас аргагүйд хүрч байна. Судалгааны багийнхан хулангийн сүрэг хаанаас хаашаа нүүн суурьшиж байгааг тогтоохын тулд 20 хуланд дохио дамжуулагч зүүсэн байна.
Мал сүрэг хулангийн байгаа газар руу ойртох тусам тэд цаашлан уулархаг, зэлүүд нутаг руу дүрвэж байжээ. Говьд хоргодсон нэн ховор энэ амьтанд бас нэг гамшиг нүүр лэсэн нь цус ойртолт. Хулангууд өөр сүрэгтэй эвцэлдэхэд газар зүйн хувьд бэрхшээлтэй. Өндөр уул, олон км замыг туулах эрсдэл тэй байдаг бололтой. Үүнээс гадна, Улаанбаатар-Бээжингийн чиглэлийн галт тэрэгний зам цус ойртолтын нэг шалтгаан болжээ. Галт тэргэнд мал дайруулахаас сэргийлсэн торон хаалтны хоёр талд байгаа хулангууд сүрэг дотроо эвцэлдэж байна. Гэтэл төмөр зам 1970 онд баригдсан аж.
Монголын их говьд шахагдсан хуланг хамгаалахад олон улсын оролцоо чухал байна. Хуланг өөр оронд нутагшуулах, угшлыг нь сайжруулахын тулд цус сэлгэх нь тэднийг аврах арга хэмээн мэдээлжээ.
Х.ОДОНЧИМЭГ