
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэлэлцсэн асуудлуудын талаар зарим сайд нь мэдээлэл хийлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ жил улсын дунджаас харьцангуй их ургац авах төлөвтэй байгааг дуулгаад, нийт 616 мянган га талбайд үр тариа тарьснаас 416.8 мянган га-д улаан буудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 га-д тосны ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ ургаж байгааг мэдээлэв. Харин ургац хураалтад тулгамдаж буй асуудлуудын нэг нь орон нутгийн болон улсын чанартай замын эвдрэл бөгөөд үүнийг шийдвэрлэх чиглэл өгсөн байна. Мөн богино хугацаанд ургац хураахад ажиллах хүч дутагдалтай байгаа тул МСҮТ, их, дээд сургуулийн оюутнууд, цэргийн алба хаагчид, ажил хайж буй иргэдийг хамруулахаар тогтоол баталжээ. Үүнд иргэд хувиараа болон аж ахуйн нэгжид харьяалагдан оролцох боломжтой юм байна. Нийт 8000 орчим ажиллах хүн хэрэгтэй байгаа бөгөөд өдөрт дунджаар 50 мянган төгрөгийн цалин, урамшуулал өгөхөөр тооцжээ.
Түүнчлэн ирэх оны махны нөөц бүрдүүлэх, үнийг нь тогтвортой байлгах чиглэлээр дотоодын аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн гэнэ. Үүнийг 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх аж.
“БОГДХАН” ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ”-ЫГ ШАЛГАРУУЛЖЭЭ
Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх, төмөр замын хэд хэдэн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулсан. Тухайлбал, Чойбалсан-Эрээнцав чиглэлийн 237 км, Чойбалсан-Хөөт-Бичигт буюу зүүн, босоо чиглэлийн төмөр замын ажлыг ирэх онд эхлүүлнэ гэв.
Мөн “Рашаант” өртөөнөөс Богд уулын урдуур, “Мааньт” өртөөтэй холбогдох “Богдхан” төмөр замын төслийн гүйцэтгэгчээр “Тавантолгой төмөр зам” компанийг шалгаруулж, таван жилийн эрх олгосон байна. Трасс буюу тус замыг хаагуур тавьж, аль өртөөтэй холбохыг ирэх долоо хоногт эцэслэн батлах гэнэ. Энэ онд багтаан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Урьдчилсан байдлаар 630-700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцож байгаа ч трасс батлагдсаны дараа санхүүжилтийг илүү тодорхой хэлэх боломж бүрдэнэ гэв. Түүнчлэн ОХУ, Япон Улсын Засгийн газар болон дотоодын хөрөнгөөр барихаар төлөвлөж буй ч өөрийн нөөцөөр эхлүүлэх аж.
Үүнээс гадна “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар өдгөө орлогч даргаар ажиллаж буй Ц.Хүрэлбаатарыг томилохоор ярилцсаныг дуулгав.
“ОРОН СУУЦАА ӨМЧИЛЖ АВАХ УРЬДЧИЛГААНД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ ТООЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг хариуцаж ажиллах, ашиглалтын өмнөх захиргаа байгуулжээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлсэн юм. Багануур, Зуунмод, Майдар гэсэн орон нутгийн зэрэглэлтэй гурван хотыг цогцоор нь бүтээн байгуулах төлөвлөгөөтэй эл ажил уялдах аж. Хөшигийн хөндийд 150 мянга гаруй хүн амьдрах тооцоо байгаа бөгөөд эдгээр шинэ хотод тээвэр, ложистикийн бизнес, үйлдвэрийн чиглэлээр ажлын байр олноор бий болно гэж үзэж байгаа юм. Үүний дагуу 20 мянган шоо метр бохир ус цэвэрлэх чадалтай гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, тэдгээрийг холбосон шугам, хоолой, замын сүлжээ, дулааны цахилгаан станцуудыг байгуулах юм байна. Тэрбээр энэ үеэр түрээсийн орон сууцад амьдарч буй иргэдийн зүгээс тавьж буй зарим саналд тодорхой хариулт өгсөн. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрөө тухайн орон сууцыг өмчилж авах урьдчилгаа мөнгөнд тооцуулах боломж байхгүйг сайд Б.Мөнхбаатар мэдэгдэв. Харин орон сууцаа өмчилж авах хугацааг таван жилээс 15 жил хүртэл сунгах, эсэх талаар холбогдох сайд нар ярилцаж буй юм байна. Жамцын