
Малчин Түмэннасангийнх 800 орчим толгой малтай. Тэрбээр Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд буюу задгай усгүй, бэлчээрийн даац нь хоёр дахин хэтэрсэн нутагт амьдардаг. Зуны аагим халуунд тэнд мал, малчингүй худган дээрээ “овоорч”, тачир ургасан, хэдхэн төрлийн ургамал нь наранд гандсан дүр төрх нүдэнд тодхон. “Айлууд буух боломжтой газруудад олон худаг гаргачихсан бол энд ингэж шавж яах билээ. Говийн малчид худгаа л барааддаг шүү дээ. Нэг худаг гаргахад дунджаар 20 орчим сая төгрөг хэрэгтэй. Малын тоо толгойн албан татвараа авсан шиг авч, хэдэн газарт худаг гаргаад өгчихвөл уг нь сайн” гэж Түмэннасан гуай учирласан юм.
Малын тоо толгойн албан татварыг энэ жилээс сэргээн авахаар болж холбогдох хуулийг нь баталсан. Хуульд зааснаар бол сум, дүүргийн ИТХ малын төрөл бүрт 0-2000 төгрөгийн татвар ногдуулж, Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-даа төвлөрүүлэх эрхтэй. Харин бэлчээрийн менежмент, малын чанарыг сайжруулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, худаг гаргах, малчдыг сургалтад хамруулах, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх зэрэг тодорхой хэдэн чиглэлээр л татварын хөрөнгийг зарцуулах боломжтой. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн даац нь хэд дахин хэтэрч, цөлжилтөд нэрвэгдэж байгааг дуу нэгтэйгээр “зовлон” болгож ярьдаг сумын удирдлагын хувьд дээрх татвар нь асуудлаа шийдэх “бэлэг”. Хадлан бэлтгэх нь бүү хэл, хэдэн малынхаа гэдсийг цатгах нь мөрөөдөл болсон, жил бүрийн өвөл, хаврын турш өөр нутагт оторлодог малчдын хувьд ч энэ төрлийн татвар авахыг дэмжсэн юм. Энэ нь Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос 18 аймгийн 100 гаруй сумын малчдын дунд явуулсан судалгааны дүнд тодорхой болсон зүйл. Товчхондоо, сайн үүлдрийн эцэг мал худалдан авч, хэсэг айлын дунд хариуцуулж, малынх нь чанарыг сайжруулснаар тоо толгойг нь цөөрүүлэх, “эзэнгүй” нутгуудад худаг гаргаж, бэлчээр сэлгэн ашиглах нөхцөл бүрдүүлэх зэрэг боломжид тэд найдан татвараа төлөх гэсэн хэрэг. Гэвч өдгөө малын тоо толгойн албан татварыг тогтоох, төвлөрүүлэх, малчдаас санал авч, зөв зүйлд нь зарцуулах, бодит үр дүнд хүргэх ажил замхарч, дээр, доороо учраа олохоо больжээ.
МАЛЧДЫН ИТГЭЛИЙГ АЛДАХ ВИЙ

Дээрх албан татварыг иргэд хоёр хуваан, долоо болон арванхоёрдугаар сарын 15-нд төлөх хуультай. Хэрэв 1000 малтай бол 500, 500-гаар нь хуваан, дээрх хугацаанд төлөх боломжтой гэсэн үг. Тэгвэл Булган аймгийн зарим сум өнгөрсөн гуравдугаар сар гэхэд татварыг нэг дор бөөнөөр нь авчээ. Гэвч төвлөрүүлсэн хөрөнгийг юунд зарцуулж байгаа талаар тэдэнд мэдээлэл өгөөгүй аж. Жишээ нь, тус аймгийн Бүрэгхангай сумын малчин М.Цэрэнчимэд “Малын тоо толгойн албан татварт хоёр сая шахам төгрөг төлсөн. Төлөөд дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байхад юунд зарцуулж буй нь тодорхойгүй байна. Ямар ажилд зарцуулах талаарх санал асуулга огт аваагүй. Хүмүүсээс дуулахад залуу өрхүүдийг малжуулна гэсэн” хэмээв. Үүний мөрөөр тус сумын татварын байцаагч Ж.Солонгоос тодруулахад “Манай сум 210 мянган малтай. Малчдын 50 орчим хувь нь 86 гаруй сая төгрөгийг малын тоо толгойн албан татварт төвлөрүүлээд байна. Гурван багийн нутагт мал угаалгын банн барина. Мөн ногоон тэжээлийн нөөц бүрдүүлнэ. Банн барих ажлыг эхлүүлсэн” гэв.
Малын тоо толгойн албан татварыг ОНХС-д төвлөрүүлэх учир тус сангийн үйл ажиллагааны журмын дагуу зарцуулах ёстой. Тодруулбал, уг журмын 5.2-т “Баг, хорооны Засаг дарга ОНХС-ийн болон малын тоо толгойн албан татварын орлогын хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал, арга замын талаар баг, хорооны иргэдийн дунд олон нийтийн нээлттэй санал асуулгыг цаасаар, бүлгийн ярилцлага, цахим хэлбэрээр явуулна” гэж заасан. Хэрэв санал асуулгыг цаасаар авах бол тусгай маягтын дагуу бөглүүлэх, бүлгийн ярилцлага хэлбэрээр явуулах тохиолдолд багийн 30-аас доошгүй иргэнийг хамруулах зэрэг зохицуулалттай. Малчдаас ирүүлсэн саналын жагсаалтыг сум, дүүргийн Засаг дарга нь бэлчээр ашиглалт, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж, ИТХ-аараа батлуулснаар ажлыг нь эхлүүлэх учиртай. Гэтэл татварын хөрөнгийг юунд зарцуулахыг нь ч мэдэхгүй, саналыг нь аваагүй атлаа сая саяар хэмжигдэх мөнгийг “нэхээд авчихсан”-ыг Булган аймгийн малчид хэлж байв. Хэрэв хууль, журмынх нь дагуу татвараа авч, хэрэгтэй зүйлд нь зарцуулснаа эргээд тайлагнахгүй бол дахин төлөх хүсэлгүй байгаагаа ч тэд хэлсэн.
Байгаль хамгааллын мэргэжилтэн Г.Эрдэнэцолмон “Малын тоо толгойн албан татвар авах шийдвэрийг олон жилийн дараа арайхийж гаргасан. Гэтэл татвар төвлөрүүлэх, зөв зарцуулах ажил эхний жилдээ бүтэлгүйтчихвэл дараагийн удаа гэж байхгүй болно. Тиймээс энэ ажлыг зохион байгуулж буй хүмүүс нь хариуцлагатай хандаж, малчдын итгэлийг алдахгүй байх хэрэгтэй” гэсэн юм.
ОН ДУУСТАЛ ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮТЭЙ ЯВАХ УУ

Татвараа авч эхлээгүй, авах, үгүйгээ ч мэдэхгүй, учраа олоогүй сумын удирдлага олон байна. Уг нь малын тоо толгойн албан татварын хэмжээг ИТХ нь энэ оны нэгдүгээр сард багтаан баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүлэх учиртай. Гэтэл одоо хүртэл албан татварын хэмжээг тогтоосон тогтоолоо сумдын удирдлага бүртгүүлсээр байна. Долдугаар сарын 15 гэхэд эхний ээлжийн татвараа аваад, ажлаа эхлүүлсэн байх ёстой атал бүх зүйл зуун задгай байгааг зарим сумын холбогдох хүмүүс нь дуулгалаа. Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Мал эмнэлгийн газрын улсын байцаагч “Засгийн газраас чиглэл өгсөн учир манайх долдугаар сар хүртэл авах татвараа хөнгөлсөн. Одоо яам, Засгийн газраас дахиад чиглэл өгөх юм шиг байна. Уг нь татварын хөрөнгийг худаг гаргах, бэлчээр сайжруулах, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдад сургалт явуулах зэрэг 10 чиглэлээр зарцуулахаар төлөвлөсөн” хэмээв. Сэлэнгэ аймгийн Ерөө сум ч мөн долдугаар сард авах татвараа хөнгөлснийг татварын байцаагч нь хэллээ. Тэгэхээр тус сумынхан арванхоёрдугаар сард үлдсэн татвараа авч, ирэх жилээс зарцуулах гэнэ.
ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батмөнхөөс энэ талаар тодруулахад “Татвараас хөнгөлөх чиглэл өгөөгүй. Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг хүчингүй болгох, заалтыг нь түдгэлзүүлэх эрх бидэнд байхгүй шүү дээ. Тиймээс цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор татвар авах хугацааг нь хойшлуулах чиглэл л өгсөн. Бэлтгэл ажил нь л удааширч байгаа болохоос татвараа авч, холбогдох журмаараа зарцуулах нь орон нутгийн эрх” гэв. ТЕГ-ын ТТҮГ-ын татварын улсын байцаагч Ц.Ундармаа “Ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэлтийг дэмжих зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу аж ахуйн нэгжийг орлогын албан татвараас хөнгөлсөн юм. Түүнээс биш малын тоо толгойн албан татвараас хөнгөлөхгүй” гэв.
Яах ёстойгоо ч мэдэхгүй, ойлголтын зөрүүтэй байгаа сумынхан татвараа хэзээ авч, хэрхэн зарцуулах бол. Хийсэн зүйл нь бодитоор харагдахгүй, ажил нь удааширвал сум, орон нутгийнхаа бэлчээрийн асуудлыг шийдэх боломжоо алдахад хүрэх эрсдэлтэй.