
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас газар олгох цахим системийн талаар мэдээлэл өглөө.
Тус газрын орлогч дарга М.Буяндэлгэр "Энэ онд 80 мянган иргэнд 0.07 га газар шинээр өмчлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч одоогийн 3000 орчим иргэнд газар олгосон байна. Энэ нь иргэд манай цахим системийн талаар мэдээлэлгүй, ашиглахгүй байгаатай холбоотой гэж харж буй. Иргэд egazar.gov.mn сайтад хандаж энэ жил болон ирэх онд хаана, ямар газар олгохоор төлөвлөгөөнд тусгагдсаныг харах боломжтой. Аймаг, сум, дүүрэг, хороонд тухайн онд ямар хэмжээтэй газрыг олгохоор төлөвлөснийг харж болно. Мөн газрыг өмчлөх, эзэмших зэрэг ямар хэлбэрээр олгох тухай мэдээлэл иргэдэд нээлттэй. Зөвхөн иргэд бус ААН-үүд аялал жуулчлал, үйлдвэрлэлийн зориулалтаар олгох газрын мэдээллийг ч харж болно.
Газраа олохдоо цахим системийг ашиглаад өргөдлөө өөрийн биеэр харьяа дүүргийн газрын албанд хүргэнэ. Өргөдлийг цахимаар авах ажлыг түр хугацаагаар хязгаарласан. Мэдээлэлд ойр хэн нэгэн олон газар эзэмших эрсдэлтэй гэж үзсэн учир ийм шийдвэр гаргасан. Нэг хүн 28 газар эзэмшиж байгаа тохиолдол ч бий. Газрын тухай хуульд Монгол Улсын иргэн нэг удаа газар өмчилнө гэж заасан ч эзэмших тоог хязгаарлаагүй. Тиймээс зарим иргэн олон газар эзэмшиж аваад газрын наймаа хийдэг.Хуульд өөрчлөлт оруулж эзэмших эрхийг мөн нэг болгон хязгаарлах төлөвлөлт хийж байна. Тиймээс хуульд өөрчлөлт ортол өргөдлийг зөвхөн иргэн өөрийн биеэр өгөх зохицуулалт хийсэн" гэв.