
Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын чансааг тогтоож, өнөөдөр олон нийтэд зарлалаа. Өнгөрсөн зургаа болон долдугаар сард чансааны эрэмбийг шинэчлээгүй бөгөөд тавдугаар сарын 24-нөөс хойш зохион байгуулсан олон улсын чанартай 350 гаруй тоглолтын дүнг үндэслэн эрэмбийг гаргажээ.
Манай шигшээ баг чансаагаараа 185 дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд зургаадугаар сарын 7-нд болсон Дэлхийн аварга шалгаруулах-2022 болон Азийн аварга шалгаруулах-2023 тэмцээний урьдчилсан шатны "F" хэсгийн сүүлийн тоглолтод өөрсдөөсөө илүү чансаатай Киргизийн шигшээ багийг 1:0 харьцаагаар хожсон нь гол чансаанд нөлөөлсөн байна.
Монгол Үндэсний шигшээ баг өмнөх чансаагаар 192 дугаар байрт жагсаж байжээ.
