
Хоёр сар хүрэхгүйн дараа санал хураалт нь болох, УИХ-ын сонгуулийн хоёр ч тойргийн нөхөн сонгуульд улс төрийн есөн нам, нэг эвсэл оролцохоо мэдэгдээд байна. Сонгуулийн ерөнхий хороо тэдний хүсэлт, холбогдох баримт бичгийг өнгөрсөн мягмар гараг буюу 10 гэхэд хүлээн авч дууссан бөгөөд ирэх долоо хоногийн эхэнд алийг нь бүртгэх, эсэхээ шийдчихсэн байх учиртай. АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бахь байдгаараа, хоёр талд гарчихаад хэрэлдэж, маргалдсан хэвээр буй тул аль нь буюу М.Тулгат, эсвэл О.Цогтгэрэл даргатай намыг нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэх үү гэдэг нь аанай л асуулт үлдээв. Гэвч сүүлчийн сонгуулиас хойш бичиг баримтын бүрдэл талаасаа давуу талтай, С.Эрдэнийн гэгдэх АН-ыг бүртгэх магадлал өндөр юм.
Өөрсдийн үлбэгэр, сул дорой байдалд эрх баригчид, өрөөл бусдыг буруутгаж суугаа АН-ынхан энэ удаа ч хүчтэй өрсөлдөгч байж чадах уу гэдэг нь эргэлзээ дагуулна. Бусад үед буруу харж суучихаад, сонгуулийн сургаар нэгдье, нягтаръя гэж дор дороо уриалах аядах тэднээс хүлээх зүйл улам л хомс болж байна. Үнэндээ нам нь энэ удаагийн сонгуульд оролцох, эсэх нь эргэлзээтэй, цаашлаад хоёр хуваагдчихсан, нөхөн сонгуульд хүч үзэх магадлалтай гишүүд нь чухам аль АН-д байгаа нь ч тодорхойгүй үед горилогчдын талаар ярих нь хаана хаанаа төвөг, чирэгдэл үүсгэж буй нь лав. Гэвч горилогчид байхгүй гэсэн үг бас биш. Тухайлбал, Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар, тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Оюунбаатар нар нэр дэвшихээс татгалзахгүй бололтой. 2012 онд Хэнтий аймгаас УИХ-д сонгогдож, парламент дахь бүлгийн даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатар сүүлийн үед С.Эрдэнийн гэх АН-ынхантай ил гарч, энд тэнд байр сууриа илэрхийлэх болсон нь дээрхийн илэрхийлэл байж ч мэднэ.
М.Хүдэрбаатарын хувьд 2016 онд тус аймгаас УИХ-д нэр дэвшиж байсан бол Ж.Оюунбаатар нь гурван мандаттай 18 дугаар тойрогт өнгөрсөн сонгуулиар өрсөлдсөн ч авсан саналынхаа тоогоор дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн юм. Түүнтэй хамт Т.Пүрэвхатан, Улсын баатар Э.Бат-Үүл нар АН-аас нэр дэвшсэнийг сануулъя. Сонгинохайрхан дүүргийн хувьд өмнө нь тус тойрогт нэр дэвшсэн Г.Очирбат, О.Магнай нарыг нэр дэвшүүлэхийг үгүйсгэхгүй.
Харин эрх баригчид эдгээр сонгуульд хүч хаян оролцож, хариуцлагатай байхаас аргагүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтийн 18 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон. Энд хэн, аль нам ялах нь өнөөгийн эрх баригчид, Засгийн газрын үйл ажиллагаа, шинэхэн Ерөнхийлөгчид өгөх дүн гэж ойлгож болно. Сонгинохайрхан дүүрэгт ч ялгаагүй. Сүүлийн хоёр ч сонгууль дараалан илт илүүрхэж, нэр дэвшигчдийнх нь авсан санал ч бусдаасаа хавьгүй өндөр байгаа тус тойрогт ялалтын буухиаг таслах вий гэхээс Ардын намынхны яс хавталзаж байгаа нь лав. Тиймээс ч тэд Хэнтий аймгийн 18, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх хүний нэрийг дэвшүүлэх, тодруулах журам гэх мэтээ хэдийн баталж, хэдэн алхмын урд яваа. Тухайлбал, олон нийтийн дунд судалгаа явуулсны үндсэн дээр нэр дэвшигчээ тодруулах юм гэсэн. Үнэндээ журам батлахаас ч өмнө хэн хэн нэр дэвших вэ гэдэг нь дарга, удирдлагынх нь түвшинд тодорхой болчихсон байсан бололтой. Өөрөөр хэлбэл, хүссэн болгон нь нэрээ дэвшүүлээд, үүний дагуу нь санал хураагаад, шударгаар сонгочих нь юу л бол. Жишээ нь, Хэнтийд нэр дэвших хүсэлтээ хуульч Л.Батжав МАН-ын Удирдах зөвлөлд уламжилсан. 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль, бүр түүнээс ч өмнө тус аймгаас сонгогдсон Д.Гантулгын оронд бие даан нэр дэвшихээр ажиллаж байсан түүнийг Ардын намынхан “Багаар ажиллая” гээд намдаа элсүүлчихсэн гэдэг. Одоо тэр хариу нэхэн, нэрээ дэвшүүлэхийг хүссэн хэрэг. Гэвч түүний хүсэлтийг нэр дэвшигчийг тодруулах хурал руу оруулбал их “юм” болох биз.
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ыг МАН-д нэгтгэхдээ Сонгинохайрхан дүүрэгт хүү Э.Батшугараа нэр дэвшүүлэхээр тохиролцсон гэх яриаг барим тавим баталсан хүн үгүй ч худлаа хэмээн үгүйсгэсэн нь өнөө хэр алга. Уг нь Э.Батшугар УИХ-ын 2016, 2020 оны хоёр ч сонгуулиар тус дүүрэгт МАХН-аас нэр дэвшсэн туршлагатай. Тэр ч бүү хэл өнгөрсөн сонгуулиар гурван мандат бүхий тус тойргоос авсан саналынхаа тоогоор дөрөвдүгээрт бичигдсэн нь чамлахааргүй амжилт. Түүний дараа бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун орж байлаа. 2016- 2020 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, намын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун Улаанбаатарын захирагчийн төлөө С.Амарсайхантай өрсөлдөж, намын бодлогыг сөрсөн гэгдэн МАН-аас хөөгдчихөөд байсан үедээ бие даан нэр дэвшсэн билээ. Харин өнгөрсөн жил удирдлагууд нь түүний намын гишүүнчлэлийг нь сэргээсэн бөгөөд Сонгинохайрханд нэр дэвшихээр горилогчдын жагсаалтад С.Мөнхчулуун цохиж явна.
Гэвч МАН-ын, бүр Сонгинохайрханаар тодотгож болох хүмүүс шил даран бий. Мэдээж тэднийгээ сойх хүсэл эрмэлзэл МАН-ынханд, тэр тусмаа нийслэлийн төр, захиргааг намтай нь хамт удирдаж байгаа Д.Сумъяабазарт байгаа. Хамгийн гол нь өөрийнх нь орыг залгах хүний тухай энд яригдаж байна шүү дээ. Тэр нь нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн байх магадлал өндөр гэнэ. Түүний нэр 2020 оны ээлжит сонгуулиар ч нэр дэвших боломжтой хүмүүсийн жагсаалтад байсан. Тухайн үед тэрбээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар дөрвөн жил ажиллачихаад байв. Шуудхан хэлэхэд, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай салшгүй холбоотой хүн гэвэл Ж.Сандагсүрэн. Түүнийг 2012 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдоход тэрбээр бүрэн эрхийн хугацааны туршид нь зөвлөхөөр ажилласан түүхтэй. Улмаар 2016 онд парламентад улиран сонгогдсоны дараа зөвлөх Ж.Сандагсүрэн нь Засаг дарга болсон юм билээ. Гэхдээ тэр Сонгинохайрханд гэнэт Засаг дарга болоод ирсэн үү гэвэл үгүй. 2001 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн даруй тус дүүргийн ИТХ-ын ажлын албанд даргаар томилогдон 2004 он хүртэл ажиллаад, 2012-2016 онд Сонгинохайрханы ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон намтартай нэгэн аж. Ингээд өнгөрсөн орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-д сонгогдож, Д.Сумъяабазар Улаанбаатарын захирагч болохтой хамт дэргэд нь хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ирсэн билээ.
Харин МАН-ын нарийн бичгийн даргаар саяхан томилогдсон Н.Энхбаатарыг Хэнтийд сойх нь үндсэндээ тодорхой болжээ. Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүх намын гишүүнчлэлээс татгалзаж, даргын албаа өгсөн МАН-ын бага хурлын хуралдаанаас түүнийг дээрх албанд томилсон бөгөөд тэр үеэс л Хэнтийд өрсөлдүүлэхийн тулд дэвшүүлж байна гэх яриа гарсан юм. Үнэхээр ч Н.Энхбаатар энэ зунжин Хэнтийд ажилласан гэхэд болно. Тэрбээр өнөөгийн Төрийн тэргүүнтэй тун ойр. У.Хүрэлсүхийг одоогоос 10 гаруй жилийн өмнө намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох үед Н.Энхбаатар түүний туслахаар ажиллаж, дараа дараагийн өндөр албан тушаал хашихад ч шадарлаж ирсэн юм. 2016 оны үнэмлэхүй ялалтын дараа түүнийг МИАТ-ийн дэд захирлаар томилсон ч авлигын хэрэгт холбогдон шалгуулж, албан тушаалаа өгсөн билээ.
Энэ удаагийн сонгуульд МАН, Үнэн ба зөв нам, ШИНЭН, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, “Зөв хүн электорат” эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхын засаглал нам, ИЗНН оролцохоор хүсэлтээ гаргасан. Гол өрсөлдөөн урьдын адил АН, МАН-ын дунд өрнөх, эсэхийг ирэх өдрүүд харуулах биз ээ.