
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, нөхөн сонгуулийн бэлтгэл хангах ажлын хэсгийн дарга Р.Эрдэнэбүрэн, АН-ын нарийн бичгийн дарга Б.Гарамгайбаатар нар өчигдөр мэдээлэл хийлээ. Нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ тус намынхан энэ сарын 10-ны дотор хүргүүлсэн билээ. Ч.Өнөрбаяр “АН-ын мөрийн хөтөлбөр, санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар (ҮАГ)-аас дүгнэлт гаргасан. Тиймээс холбогдох баримт бичгээ бүрдүүлэн СЕХ-нд хүргүүлсэн. ҮАГ хариуцлагагүй ажиллалаа. Манай намд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийн нэг хувийг өөр талд өгсөн. Төрийн байгууллагууд хуулиа мөрдөж ажиллах ёстой. Нэг албан дугаартай дүгнэлтийг яагаад хоёр өөр талд өгсөн бэ гэдэгт ҮАГ-ын дарга Г.Занданбат тайлбар өгөх ёстой. Хэрэв тайлбар өгөхгүй бол удирдлагыг нь томилдгийн хувьд УИХ хариуцлага тооцох учиртай” гэв.
Сутай хайрхан уулын тахилгад оролцохоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагаж маш олон албан тушаалтан үнэтэй автомашин унаж, очсоныг тэрбээр шүүмжилсэн юм. Төрийн ёслолыг их зардлаар хийж, татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан албаныханд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хариуцлага тооцох ёстойг хэллээ. Түүнчлэн Хувь хүний нууцын тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүдтэй холбоотой мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулбал хариуцлага хүлээлгэх талаар тусгасан нь бурууг Ч.Өнөрбаяр тодотгов. УИХ-ын гишүүд, сайд нар, төрийн өндөр албан тушаалтан тангараг өргөснөөр хувь хүний олон эрхээсээ татгалздаг, нийтийн албан хаагч гэдгийг тэрбээр анхаарууллаа.
Р.Эрдэнэбүрэн “Эрх баригчид олон удаа алдаа гаргаж, тэр бүхнээ чимээгүй өнгөрөөж байна. Тиймээс сөрөг хүчний намууд нэгдэж ажиллах нь зөв. Нөхөн сонгуульд улс төрийн намууд нэгдэж оролцохоор ярилцаж байна. СЕХ-ноос нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарь гаргасан. Уг хуваарьт зааснаар тодорхой өдрөөс хойш намууд хоорондоо яриа, хэлэлцээ хийх боломжгүй болох тул энэ ажлыг хурдасгана” хэмээв.
Нөхөн сонгууль нь УИХ-д шинэ төлөөллийг багтаах, сөрөг хүчний дуу хоолойг бэхжүүлэх боломж олгодог тул ихээхэн ач холбогдолтойг Б.Гарамгайбаатар онцоллоо. Тэрбээр “Манай намын ҮБХ, Үндсэн дүрмийн болон Дотоод сонгуулийн хорооны гишүүд УИХ-д нэрээ дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ дүрмээр бол орон нутаг дахь тойргийн зөвлөлийн шийдвэрийг харгалзан намын Сонгон шалгаруулах хорооны саналд тулгуурлан ҮБХ-ны хурлаар нэр дэвшигчийг эцэслэн шийддэг” гэв.