
Нийслэлд зэрлэг амьтан орж ирэх нь ихсэж, ялангуяа бамбай хоншоорт буюу хортой могой суурьшлын бүсэд үзэгдэх тохиолдол олширчээ. Үүний талаар нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.
-Нийслэлийн суурьшлын бүсэд ямар ямар амьтан орж ирэх болсон бэ?
-2018 онд бид хотод зэрлэг амьтан орж ирсэн гэх 30 дуудлага хүлээн авсан. Дуудлагын тоо 2019 онд 43, өнгөрсөн онд 116 болж нэмэгдсэн. Өвөл, хавар бол халиун буга, бор гөрөөс идэш тэжээлийн дутагдлын улмаас нийслэлд орж ирэх нь элбэг. Ялангуяа “Янзагатай таарлаа” гэх дуудлага хавар эрс ихэсдэг. Янзага, бор гөрөөс үр төлөө нуудаг. Гэтэл иргэд ууланд явж байгаад бор гөрөөсний янзагатай таараад төөрсөн байна гээд дуудлага өгөх тохиолдол цөөнгүй. Зун өмхий хүрэн, сарьсан багваахайтай холбоотой дуудлага ихэсдэг. Ялангуяа сарьсан багваахай айлын дээвэрт үүрлэх нь элбэг. 2020 оноос нийслэлд могой орж ирэх тохиолдол эрс ихэссэн. 2020 онд бид 116 дуудлага хүлээн авсны 30 гаруй нь бамбай хоншоорт могойтой холбоотой байсан. Улаанбаатар хотод бамбай хоншоорт, рашааны гэсэн хоёр зүйлийн могой тархсан. Үүнээс бамбай хоншоорт нь суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол их байгаа юм. Энэ он гарснаас хойш уг могойтой таарсан гэх 17 дуудлагыг бид хүлээн авсан.

-Амьтад суурьшлын бүсэд орж ирэх болсон нь ямар шалтгаантай вэ?
-Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотой. Мөн амьтад идэш тэжээлийн дутагдалд орсон нь ч нөлөөлдөг. Могойн хувьд сүүлийн үед үерийн усаар дамжин хотод орж ирэх тохиолдол олширсон.
-Амьтадтай таарвал ямар арга хэмжээ авах ёстой бол?
-Манай байгууллагад мэдэгдэх шаардлагатай. Нийслэлийн Байгаль орчны газраас 2017 онд анх удаа зэрлэг амьтан асрах төв байгуулсан. Хотод орж ирсэн, гэмтэж бэртсэн амьтдыг тэнхрүүлж, байгальд нь буцаан тавих зорил гоор уг ажлыг хэрэгжүүлсэн. Уг төв нь өвсөн тэжээлтэй, махчин амьтан, шувуу, амьтны эмчийн байр гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг. Мөн амьтантай таарвал нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд мэдэгдэж болно. Хэрэв могойд хатгуулбал Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гаргасан зөвлөмжийн дагуу хөдөлгөөнгүй байх, шингэн зүйл сайн ууж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх шаардлагатай.
Бэлтгэсэн С.Сарантуяа