
Монголын шатрын үндэсний шигшээ багийнхан Дэлхийн шатрын олимпиадад оюун ухаанаа сорих нь. Энэ сарын 20-ноос ирэх сарын 15 хүртэл www.chess.com цахим хуудсаар зохион байгуулах уг олимпиадад 155 улсын шатарчид таван хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Манай шатарчдын тухайд тэргүүн хэсэгт тоглох аж. Энэ удаагийн олимпиадад улс бүрээс эрэгтэй, эмэгтэйчүүдийн нэгдсэн баг оролцохоороо онцлог юм. Манай шатарчид 2018 онд эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн нэгдсэн дүнгээр Ази тивдээ шилдэг тавд шалгарсан амжилттай. Энэ удаад ч дэлхийн шилдэг 25 улсад багтан, тэргүүн хэсэгт өрсөлдөх эрх авчээ. Үндэсний шигшээ багийн тамирчид “Монгол, Кувейтийн төв” цогцолборт бэлтгэл хийхээр дасгалжуулагчдынхаа хамт нэгдсэн цугларалтад гарсан байна.
Сонирхуулахад, Дэлхийн шатрын холбооноос энэ жил нийт 67 500 еврогийн төсөвтэй, 65-аас дээш насны шатрын ахмад зүтгэлтнүүдийг дэмжих хөтөлбөрөө хоёр дахь жилдээ зарлав. Манай улсаас Гавьяат багш, олон улсын мастер С.Хандсүрэн шилдэг тамирчнаар шалгарч, тэтгэлэг авахаар болжээ. Өнгөрсөн жил Гавьяат тамирчин, олон улсын мастер Л.Мягмарсүрэн шилдэг 12 ахмад шатарчны шалгаруулалтад багтаж, 2500 еврогийн тэтгэлэг хүртсэн юм.