
Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид ОХУ-ын Уфа хотод энэ сарын 16-22-нд зохион байгуулах залуучуудын ДАШТ-д оролцохоор хойд хөршийг зорилоо. Манай тамирчдыг Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Н.Баатар нар удирдаж байна. Мөн тус тэмцээнд олон улсын I зэргийн шүүгч Ц.Сэрээтэр ажиллах юм. Манай бөхчүүдээс өмнө нь долоон тамирчин залуучуудын ДАШТ-д түрүүлж байв. Тодруулбал, хамгийн анх Гавьяат тамирчин А.Баатархүү 1979 онд тус тэмцээнээс алтан медаль хүртжээ. Мөн Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, С.Цэрэнчимэд, ОУХМ С.Эрдэнэбаяр, Т.Даваахуяг, Э.Даваачимэг, А.Батцэцэг нар аварга болсон.