
Токиогийн паралимпийн наадмын галыг өчигдрөөс Япон даяар асааж эхэлсэн тухай NHK телевиз мэдээллээ. Хүртээмжтэй нийгмийг байгуулах найдвараа илэрхийлж буй энэ галыг Япон даяар 880 гаруй газарт тухайн бүс нутгийн онцлогийг харуулсан байдлаар асааж байна. Тухайлбал, тус улсын төвийн нутгийн Нагано мужид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нарны гэрлийг ашиглан галаа бадраав. Баруун өмнөд нутгийн Кагошима арлынхан цахиур ашиглан бамбараа асаалаа. Паралимпийн арга хэмжээнүүд болох Сизүока, Тиба, Сайтама, Токио мужид энэ сарын 17-ноос галыг буухиалахаар төлөвлөж байсан ч коронавирусийн улмаас цуцалсан. Үүний оронд бамбар асаахаар болжээ. Япон даяар буухиалах бамбар, паралимпийн наадам үүссэн Британиас гал авчрах ажиллагаа Токиод энэ сарын 20-нд болох аж. Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа наймдугаар сарын 24-нд болно.