
Үндэсний яриа хэлэлцээ хийхгүй бол Мьянмарт иргэний дайн дэгдэж болзошгүй байдал үүсжээ. Цэргийнхэнтэй мөргөлдөж буй сөрөг хүчнийхэн гар хийцийн бус, мэргэжлийн зэвсэг хэрэглэж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Мьянмарын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кристин Шранер Бургенер мэдэгдэв. Түүний хэлснээр хорионд буй, Мьянмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөө үндэсний холбоо намыг тус улсын эрх баригчид удахгүй тарааж магадгүй аж. Тус улсад өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд цэргийн командлагчид эрх баригчдыг албан тушаалаас нь буулгаж, нэг жилийн онц байдал зарласан билээ. Үүнийгээ тэд 2020 оны арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуульд луйвар орсонтой холбон тайлбарладаг. Мөн өдрөөс хойш тус улсад цэргийн эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал, цуглаан үргэлжилсээр байна.