
Шанхай дахь Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банкны салбарын захирал асан Гу Гомин 136 сая юань буюу 21 сая ам.долларын авлига авсан хэргээр насаараа хоригдох ял шийтгүүллээ. Тэрбээр 2002-2019 онд тус банканд янз бүрийн албан тушаал хашжээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж, зээл авах, барилгын гэрээ байгуулахад тусалсны хариуд хувь хүн, хуулийн этгээдээс авлига авч байсныг шүүх тогтоосон байна.
БНХАУ-д авлигатай хийх тэмцэл 2012 онд Си Зиньпин тэргүүтэй удирдагчдын тав дахь үе төрийн эрхэд гарснаар идэвхэжсэн юм. Сүүлийн хэдэн жил авлигатай тэмцэх өргөн хүрээтэй кампанит ажлын үр дүнд зөвхөн жирийн түшмэд төдийгүй өндөр албан тушаалтнууд албан тушаалаасаа халагдаж, бүх насаараа хоригдох хүртэл ял шийтгүүлж байгаа билээ.