
Сангийн яамнаас төсвийн чиглэлээр олон нийтэд хүргэх мэдээллийг өргөжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хагас жилийн эдийн засаг, төсвийн тоймыг боловсруулан хүргэж эхэлжээ. Өнгөрсөн баасан гарагт гаргасан тоймоос харахад тодотголоор төсвийн орлогыг энэ онд 13.7 их наяд төгрөг байхаар тооцсон. Үүнээс Ирээдүйн өв сан болон тогтворжуулалтын сангийн орлого 1.67, төсвийн тэнцвэржүүлсэн орлого 12.1 наяд төгрөг байх юм. Сангийн яамнынхан 2021 оны гуравдугаар сарын сүүлээс эхлэн цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспортын гол боомтуудаар нэвтрүүлэх машины тоо буурсан ч дэлхийн зах зээлд зэсийн үнэ өссөнөөр төсвийн орлого тодотголын түвшинд хадгалагдана гэж таамаглав. Төсвийн хөрөнгө оруулалтаар 1106 төсөл, арга хэмжээг 1.68 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Гэвч 1.43 их наяд төгрөгийн санхүүжилт хийж, гүйцэтгэл нь 85 хувь байх төлөвтэй аж. Энэ нь цар тахлаас шалтгаалан барилгын материалын нийлүүлэлт буурч, ажиллах хүчний хомсдол бий болсонтой холбоотой гэнэ.