
УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн есөн нам, нэг эвслийн холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо нягтлан шалгаад өнгөрсөн баасан гарагт шийдвэрээ гаргажээ. Тодруулбал, Үнэн ба зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, АН, МАН, ШИНЭН, Гэр хороолол хөгжлийн нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний олонхын засаглал нам, ИЗНН, “Зөв хүн-Электорат” эвслийг оролцуулахаар бүртгэж, батламж олгосон юм.
АН-ын хувьд С.Эрдэнийн гэгдэх талынхан нөхөн сонгуульд оролцох эрхээ авсан бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярт батламжийг нь гардуулжээ. Нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даагчдыг нэр дэвшүүлэх ажиллагааг энэ сарын 26-наас эхлүүлж, долоо хоног буюу ирэх сарын 1-нийг дуусталх хугацаанд явуулах юм.