
Замын-Үүдийн нөхцөл байдлыг сайжруулах арга, шийдэл байна уу. Тус боомтын цаана ачаа бараа бөөгнөрсөн, наана нь том оврын автомашинууд дугаарласан хэвээрээ. Гэтэл дарга нар юу ч болоогүй юм шиг “Чөлөөт бүсийг нээлээ” хэмээн өчигдөр тэнд бараг баяр наадам зохион байгууллаа. Байгуулна, барина гэж 17 жил “дуншсан” уг ажлыг одоо л урагшлууллаа гэж тэд алга ташив. 2004 оноос хойш чөлөөт бүс байгуулна гэж олон дарга гоё ярьсан, сайхан төлөвлөгөө ч гаргасан. Гэсэн ч хэрэгжүүлээгүй. “Замын-Үүд навсайж, Эрээн цэцэглэсээр байна” гэж олон ч жил ярилаа. Улмаар боомтын нөхцөл байдал цар тахлын үед тартагтаа тулж, ачаа бараа зөөдөг том тэрэгнүүд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгжирлээ. Үүний уршгаар импортын барааны үнэ огцом өсөж, иргэдийн авдаг хэдэн төгрөг амьжиргааныхаа хаана нь ч хүрэхгүй “алга болж” эхлэв. Гэтэл Шадар сайд С.Амарсайхан, Эрчим хүний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд “Чөлөөт бүсийн “чөдөр”-ийг тайлна” хэмээн нээлтийн ёслол хийж сүржигнэлээ.
Тус боомт дахь Гаалийн газраас өчигдөр мэдээлснээр энэ сарын 14-нд 110 тээврийн хэрэгсэл урд хөрш рүү гарч, 169 автомашин орж иржээ. Хил нэвтрүүлсэн машины тоо ийм цөөхөн учраас түгжрэл арилахгүй, 1000 гаруй жолооч тэнд дугаарлаж, бухимдаж, ачаагаа авч чадаагүй иргэд хаа сайгүй хүлээж байгаа. Уг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар дээр нь очиж, асуудлыг шийднэ гэж амласан. Түүнчлэн танхимын сайд нар нь “Замын-Үүдийн мафитай тэмцэнэ”, “Нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол төр өөрөө ачаа бараа оруулж ирнэ” хэмээн удаа дараа сүртэй мэдэгдэл хийсэн ч өдий хүртэл нөхцөл байдал сайжирсангүй.
Бас Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төвөөс өмнө нь “Жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж, тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар боллоо” гэж мэдээлсэн. Гэтэл “Нэг машины талд ч хүрэхгүй ачааг 20 сая төгрөгөөр тээвэрлэнэ гэж байна. 10 сая төгрөгөөр ачих гэрээ байгуулж, үлдэгдэл мөнгийг нь өөр дансаар авна гэх юм” гэж иргэд мэл гайхаж байна. Энэ талаар олон иргэн мэдээлэх болов. Нөгөө талаас жолооч нар “Бүхэл бүтэн хоёр сар дугаарлаж байж арайхийн хил давж, тээвэр хийдэг. Бид үнэ өсгөсөн хүмүүс биш” хэмээн бухимдаж байна. Аргаа барсан хүмүүс “Төр, засаг нэн даруй арга хэмжээ аваач” гэж шаардаж буй. Шийдэл эрсэн ийм асуудал зөндөө байхад дарга нар иргэдээ тавлах мэт баяр зохион байгуулахаасаа ичих хэрэгтэй. Замын-Үүдэд нээлтийн ёслол бус, шийдэл л хэрэгтэй байна.
Бэлтгэсэн М.Оч