
Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хяналтын хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, “Гранд лайн” компанийн гурван талт гэрээг цуцлахаар шийдвэрлэлээ. Тус компани нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Амгалан орчмын 236 нэгж талбарыг дахин төлөвлөх эрхийг 2013 онд авч, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон иргэдтэй гурван талт гэрээ байгуулжээ. Гэвч тус компанийнхан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, иргэдийн газрыг дахин төлөвлөж, барилга барихгүй байсаар өнөөг хүрсэн аж. Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Дахин төлөвлөлтийн гурван талт гэрээнд заасны дагуу нийслэлийн ЗДТГ-аас дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ татах ажилд 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Түүнчлэн гэрээнд заасны дагуу 48 айл газраа чөлөөлсөн. Тэд барилга барихыг долоон жил хүлээсэн ч “Гранд лайн” компанийнхан үүргээ биелүүлээгүй. Тиймээс тус компанийн гэрээг цуцлахаар болсон” гэв.
“Гранд лайн” компанитай гэрээ байгуулж, газраас чөлөөлсөн 48 айлын 29 нь орон сууцад орсон бол 19 нь түрээсийн байранд амьдарч байгаа аж. Тус компанийнхан газраа чөлөөлсөн иргэдийн түрээсийн төлбөрийг ч өгдөггүй гэж оршин суугчид хэлсэн юм. “Гранд лайн”-ы дахин төлөвлөлтийн гэрээг цуцалснаар дараагийн компанийг сонгон шалгаруулж, газраа чөлөөлсөн иргэдийн хохирлыг арилгах ажлын хэсгийг нийслэлийн ЗДТГ-аас байгуулах болжээ. Уг ажлын хэсгийг энэ долоо хоногийн дотор байгуулж, иргэдийн асуудлыг шийдэх гэнэ.