
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал Дорноговийн Алтанширээ сумын нутагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажилд оролцож буй “Жэй Эм Си прожектс Индиа” компанийн Монгол дахь төслийн захирал Индивар Шарма төсөл хариуцсан захирал Санжив Кумар нартай ажлын явц, ТЭЗҮ, ложистикийн талаар ярилцжээ. Тус үйлдвэрийн инженеринг, худалдан авалт, барилга угсралтын I багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр дээрх компани шалгарч, өнгөрсөн арваннэгдүгээр сард гэрээ байгуулан үйлдвэрийн технологийн бус барилга байгууламжийн угсралтын ажил эхлүүлсэн. Гэвч Тяньжины боомтод үүссэн чингэлгийн бөөгнөрөл, далайн тээврийн “Cosco” компани зарим улс орноос Монгол руу хийх тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоосонтой холбоотойгоор бараа материал хүлээгдэж, ажлын явцад нөлөөлж буй аж. Иймээс дээрх боомтод гацсан, үйлдвэрийн эхний ээлжийн бүтээн байгуулалтад ашиглагдах тоног, төхөөрөмж ачсан чингэлгүүдийг тээвэрлэн оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэхийг төсөл хэрэгжүүлэгчид хүсжээ. Ташрамд дурдахад, газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талбайд 36 000 шоо метр усны резервуарын бетон цутгалтын ажлыг өнгөрсөн баасан гарагт эхлүүлсэн байна.