
Х.Түмэнжаргал эфирийн тос авахаар байнга үйлчлүүлдэг газартаа иржээ. Тэрбээр “Өмнө нь нарс, шилмүүст модныхыг авсан. Одоо өөрийг санал болгооч” хэмээн худалдагчаас хүсэхэд “Хуш, ганга, арцны эфирийн тос байна. Ганганых их сайхан үнэртэй” хэмээн найрсгаар зөвлөв. Үйлчлүүлэгч бүсгүй “Хэрэглэж үзээгүй төрлүүдээсээ авч, туршъя. Савлагааг нь томруулах боломж бий юү. Дорхноо дуусчих юм. Холоос зорьж ирдэг хүнийг харж үз” гэж хүсэхэд хариуд нь “Судлаачдадаа уламжилъя. Өмнө нь Ботаникийг зорьж, бүтээгдэхүүн авдаг байсан хүмүүс хотын төвд дэлгүүрээ нээсэн гээд ам сайтай байгаа” гэв. Х.Түмэнжаргал хуш мод болон арц, ганга зэрэг анхилам үнэрт ургамлын тос 10 миллитр савлагаатайг тус бүр 28 000 төгрөгөөр авлаа. Таван миллитрийнхийг нь 15 000 төгрөг аж.
Түүнээс эл бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглэх болсон шалтгааныг асуухад “Олон төрлөөр ашигладаг. Үе мөчний бүх төрлийн өвчний үед иллэг, бариа засал хийхэд түрхэж болно. Ядарч сульдсан үед усанд орохдоо хэдхэн дусал хийдэг. Манайх ихэвчлэн агааржуулагчдаа хийдэг. Ингэснээр тасалгааны агаарыг маш сайн цэвэршүүлдэг. Гэрээс мод, ургамал үнэртээд тааламжтай байдаг юм. Амьсгалын замын элдэв эмгэгээс сэргийлнэ, дархлаа сэргээнэ. Халдварын үед эрүүл ахуй, ариун цэврийг ийм байдлаар л сахиж байна” хэмээн ярилаа.
Дэлхий дахинд өндөр түвшинд хөгжсөн, эрүүл мэнд, гоо сайхны салбарт өргөн хэрэглэдэг ароматерапи буюу үнэрээр эмчлэх шинжлэх ухаанд тулгуурлан гаргаж авсан эл бүтээгдэхүүнийг манай ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн лабораторийн эрдэмтэд үйлдвэрлэжээ. Тэд 16 овог, 40 төрөл, 124 зүйлийн эфирийн тосны найрлагыг судалснаас шилмүүст моддынхыг ийнхүү олон нийтэд танилцуулж, цөөн тоогоор зах зээлд нийлүүлээд байна. Эл бүтээгдэхүүнийг ШУА, Мэдээллийн технологийн үндэсний парктай хамтран байгуулсан “ScienBiz” инновацын дэлгүүрт худалдаж байна. Инновацын бүтээгдэхүүнийг дэмжих, судлаач, эрдэмтдийн бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн зургадугаар сард үүдээ нээсэн тус дэлгүүр одоогийн байдлаар 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байршуулжээ. Давирхайтай, тэмээний чөмөгтэй болон эфирийн тос, ургамлын бордоо, малын тэжээлийн бэлдмэл, гар ариутгагч, төрөл бүрийн ургамлын цай, хамрын дусаалга, хоолой зайлагч, түлхүүрийн чулуун оосор, дурсгалын зүйлс, ургамлын хатаамал (гербари) ашиглан урласан ээмэг, зүүлт, номын хавчуурга зэргийг шилэн хоргод дэлгэжээ. Мөн судлаачдын ном, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлүүдийг өрсөн байна.
Тус дэлгүүр олон худалдагчтай аж. ШУА-ийн хүрээлэнгүүдийн судлаачид ээлжлэн “жижүүрлэж”, бүтээгдэхүүнээ танилцуулдаг гэнэ. Биднийг очиход Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтантөр хариуцлагатай албанд томилогдсон байв. Тэрбээр “Өнгөрсөн сарын 1-нээс эхлээд судлаачид дэлгүүрээ хариуцах болсон. 10.00-19.00 цаг хүртэл ажилладаг. Одоогоор цөөн бүтээгдэхүүн байршуулаад байна. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг арвижуулж, дэлгүүрээ илүү тохилог болгоно. Үргэлж ном, сэтгүүл шагайж, туршилт, судалгаа хийдэг хүмүүс хааяа ингэж зогсоход таатай юм. Бүтээлээ хүмүүст танилцуулахын зэрэгцээ санал бодлыг нь сонсож, нийгмийн хандлага, хэрэглэгчийн сэтгэл зүйг давхар судлах боломж олгодог” гэв.
Физик, технологийн хүрээлэнгийнхэн ямар бүтээл танилцуулсныг сонирхоход “Манай судлаачид эхний ээлжид ном, товхимлуудаа санал болголоо. Дэлгүүр, худалдааны газарт тэр бүр байдаггүй, ховор, чухал номуудыг шигшиж, танилцуулж байна. Одоогийн байдлаар дийлэнх нь Ботаникийн болон Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачдын бүтээгдэхүүн байгаа” гэв.
Үйлчлүүлэгчид голдуу ямар бүтээгдэхүүн сонирхож, худалдан авч байгааг түүнээс лавлалаа. “Монгол эрдэмтдийн хийсэн эфирийн тос, ургамлын гаралтай цай зэргийг байнга хэрэглэдэг хүмүүс зорин ирж, орлого оруулж байна. Мөн хүүхэд, залуус бэлэг дурсгалын зүйлс их сонирхдог юм билээ. Тухайлбал, Ботаникийн хүрээлэнгийн судлаачид ховор, бэлгэдэлт цэцгийн хатаамлыг чулуун дотор шигтгэж ээмэг, зүүлт, энгэрийн хавчаар хийсэн. Үүнийг охид, эмэгтэйчүүд шохоорхон, авч байна. Үхэшгүй мөнхийг бэлгэддэг, дэлхийн 20 гаруй оронд хуулиар хамгаалсан цагаан уул цэцэгтэй хүзүүний зүүлтээс өнөөдөр гурвыг худалдлаа” гэв.
Хамгийн олон бүтээгдэхүүн танилцуулсан Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан “Манай хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид амьтан, ургамал, эрдсийн гаралтай түүхий эдээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи боловсруулж, олон улс болон дотоодоос 230 гаруй патентын эрх авч, хүнс, хөдөө аж ахуй, эм, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан. Өдгөө хүрээлэнгийнхээ дэргэд гарааны дөрвөн компани байгуулж, үйлдвэрлэл эрхэлж буй. Энэ компаниудын бүтээгдэхүүний заримыг инновацын дэлгүүрээр дамжуулан олон нийтэд танилцуулсан” гэв.
“ScienBiz” дэлгүүрийн гол зорилго нь мэдлэг шингэсэн инновацын бүтээгдэхүүнийг дэмжих. Тэгвэл санхүүгийн боломжгүй, дэмжлэггүйн улмаас санаа төдий үлдэж, цаасан дээр л “биежсэн” бүтээлүүдийг туршилтаар үйлдвэрлэж, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, боломжийг судлах нь дэлгүүрийнхний бас нэг зорилго гэдгийг Шинжлэх ухаан, технологийн сангийнхан онцлов.