
АПУ компанийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр 2021 оны эхний хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 46 буюу нийт 48.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ. Үүнийг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг ирэх сарын 3-наар тогтоож, ногдол ашгийг 2022 оны хоёрдугаар сарын 10-нд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна. Тус компани өнгөрсөн оноос хойш жилд хоёр удаа ногдол ашиг тараадаг болсон. Өмнөх оны эхний хагас жилийн санхүүгийн үр дүнгээ харгалзан нэгж хувьцаанд 37.5 буюу нийт 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан юм. АПУ компанийн ТУЗ-ийн жилд хоёр удаа ногдол ашиг хуваарилах шийдвэртэй холбоотойгоор хувьцааных нь ханш өсдөг болоод байна. Тодруулбал, ногдол ашиг тараахаар шийдвэрлэхийн өмнө хувьцааных нь ханш огцом өсөж буй хандлага ажиглагдаж буй. Энэ оны долдугаар сараас хойш тус компанийн хувьцааны ханш 900-гаас 1200 төгрөгт хүрэв. Ингэснээр зах зээлийн үнэлгээ нь 1.3 их наяд төгрөгтэй дүйлээ.
Бэлтгэсэн Т.Бат