
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. 2021-2022 онд нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх шахмал түлш хэрэглэнэ. 300 өрхийн дунд шахмал түлш борлуулах нэг цэг ажиллах юм. Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 13 мянган тонн байгаа аж. Энэ өвөл тус компани зүүн, баруун бүсийн үйлдвэртээ нийт 600 орчим мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Ирэх сарын 15 гэхэд 50 мянган тонныг нөөцлөх юм байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, засварын ажил дуусаж, ирэх сараас бүрэн хүчин чадлаараа ажиллан, өдөрт 6000 тонн түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлнэ гэлээ. Энэ тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Баруун, зүүн хоёр үйлдвэрийн өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Зүүн үйлдвэр ашиглалтад орсон ч хараахан бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Арваннэгдүгээр сарын 1 гэхэд бүрэн чадлаараа ажиллана. Ингээд нийслэлийнхний өвлийн хэрэгцээг хангалттай бүрдүүлж чадна. Түүхий эдийн нөөц 200 мянган тонноор дутсан. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулчихвал түүхий эдээ их хэмжээгээр, төмөр замаар хямд өртгөөр татан авах боломжтой. Төмөр замын байгууллагын удирдлагатай энэ талаар ярихад арваннэгдүгээр сарын 1 гэхэд тээвэрлэлт хийж эхэлнэ гэж хэлсэн” хэмээн тайлбарлаж байлаа.
Ерөнхий сайд “Бүгд цар тахлын амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. “Тавантолгой түлш” компани гэхэд 2000 гаруй ажилчинтай. Халдвар хамгааллын дэглэм алдагдвал үйл ажиллагаа доголдож, бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрнэ. Иймд халдвар хамгааллын дэглэмээ ягштал барьж ажиллах учиртай” хэмээн зөвлөв.

Түлшний үнийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх бөгөөд тонн нь 75 мянган төгрөгөөр иргэдийн гарт очих юм. Энэ нь 50 хувиар хөнгөлсөн дүн. Үүнтэй холбоотойгоор эрэлт нэмэгджээ. Орон нутаг руу хулгайгаар түлш тээвэрлэх зөрчил гарсаар буй юм байна. Үүнд цагдаагийн байгууллага анхаарч ажиллах ёстойг Ерөнхий сайд хэлэв. Тэрбээр “Цар тахалтай холбоотойгоор хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгох, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглээний зарим зардлыг төрөөс төлөх, сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх зэрэг арга хэмжээг төрөөс авч байна. Одоо иргэдийн ухамсарт хамтын ажиллагаа чухал. Иргэдийн амьдралд дэмжлэг болоосой гэсэндээ төр, засаг байж болох арга хэмжээгээ авч байна. Гэхдээ энэ бүхэн хязгаартай. Байнга алдагдалтай ажиллаад байж болохгүй. Төсөвт ачаалал ирнэ. “Тавантолгой түлш” ХХК-д ч алдагдал үүссээр байгаа. Ер нь бараа, бүтээгдэхүүний үнийг хүчээр барих нь алсдаа бурууддаг. Эрчим хүч, шатахуун, түлш гэхчлэн бүгдэд нь адилхан. Тийм учраас аль болох үнийг чөлөөлөх хэрэгтэй. Гэхдээ стратегийн бүтээгдэхүүн, иргэдийн амьдралтай шууд холбоотой тохиолдолд бодлогын арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөлд байна” хэмээн онцолсон.
Энэ үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Хувийн хэвшлийнхний зүгээс агаарын бохирдлыг бууруулах тодотголтой хураамжаас чөлөөлж өгөхийг хүсэж байгаа. Сангийн яамныхан журамд заасны дагуу энэ оны гүйцэтгэлийг үнэлж байж чөлөөлөх ёстой гэсэн тайлбар хэлсэн” хэмээн Ерөнхий сайдад мэдээлсэн юм. Үүнээс гадна тус компанийн санхүүжилт болон үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой зарим асуудлаар Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх аж.
Мөн нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэлийг тавдугаар сараас эхэлж хангасан. Тэр дундаа дулаан хангамжийн аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, үндсэндээ дуусаж байна. “Сэлбэ” дэд төв болон бусад эх үүсвэрийг хангаж байгаа дулааны станцууд өвөлд үндсэндээ бэлэн боллоо. Нийслэлийн иргэд дулаан өвөлжих, эсэх нь “Тавантолгой түлш”-ийнхэнтэй шууд холбоотой. Энэ жил олон жилийн дунджаас хүйтэн болж магадгүй гэж мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Иймд өвөлжилтөд онцгой анхаарч байна” гэлээ.
Бэлтгэсэн Б.Уран