
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, нарийн бичгийн дарга Г.Баярхүү, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай цахим уулзалт хийлээ. Өвс, тэжээл хадлан бэлтгэх УОК-ын шийдвэр гарсантай холбогдуулан өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгийн Засаг дарга нар бүрэн хариуцах тогтолцоонд шилжиж байгааг Шадар сайд онцлов. Ирэх сарын 1-нээс өвс, тэжээлийн экспортыг хориглох Засгийн газрын шийдвэр хэрэгжих учраас дотооддоо нөөц бүрдүүлэхийг орон нутгийн удирдлагуудад санууллаа.
Мөн малын халдварт өвчин бүс нутагт тархаж болзошгүй байгаа тул отроор явуулахыг тодорхой хэмжээнд хязгаарлах болсныг сайд З.Мэндсайхан дуулгав. Түүнчлэн малын халдварт өвчин тархах магадлалтай аймаг, сумдад хорио цээр тогтоож, халдварыг хумих ажлыг эрчимжүүлж буй бөгөөд үүний хүрээнд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр хоригложээ.
Засаг дарга нарын зүгээс Хөдөө аж ахуйг дэмжих сангийн салбарыг орон нутагт байгуулах, ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэлийн технологит ажлыг тасралтгүй явуулах техникүүдийг яаралтай оруулж ирэх, тариалангийн бүс нутагт отроор явуулахгүй байх санал хэлж байв. Аймаг, сумын түвшинд бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн нөөцийг аравдугаар сарын 20-ны дотор бэлтгэх, малын гоц халдвар гарсан бүсээс мал сүргийг вакцин, туулгалтад бүрэн хамруулсан тохиолдолд отроор явуулах, ургац хураалтад ажиллах иргэдийн эрүүл мэндэд хяналт тавих зорилгоор явуулын эмнэл зүйн баг ажиллуулахаар шийдвэрлэснийг сайд нар тодотгов.