
Эд, эрхтнийг нь ашиглах, үнэд хүргэж худалдах зорилготой хүмүүсийн гарт олноороо үрэгдэж, тоо толгой нь эрс цөөрсөн амьтан бол халиун буга. Монгол орон 1980-аад оны үед 140 мянга гаруй бугатай байсан бол хамгийн сүүлд 2017 онд хийсэн судалгаагаар 10 мянга гэж тогтоожээ. 37 жилийн хугацаанд 14 дахин цөөрсөн эл амьтныг 2001 онд Засгийн газрын тогтоолоор “Ховор амьтны жагсаалт”-д оруулсан бөгөөд тэр цагаас хойш тоо толгойг нь өсгөх, амьдрах орчныг нь сайжруулах, идэш тэжээлийн хүртээмжийг нь нэмэх ажлыг эрчимжүүлсэн. Энэ чиглэлээр үлгэр жишээ ажиллаж буй байгууллага бол Хустайн бай галийн цогцолборт газар. Тус газрын хамгаалалтын захиргааныхан 1992 онд 50 бугатай байсан нь одоо 1300-д хүрчээ. Тэд жил бүр олон төл хүлээн авч, эсэн мэнд бойжуулан, бугын сүргээ өсгөх зорилготой. Мөн энэ төрлийн амьтныг нутагшуулах хүсэлтэй аймаг, сум, хамгаалалтын захиргааныхантай гар нийлэн ажилладаг аж. Сүүлийн жилүүдэд гэхэд Өмнөговь аймагт цөөнгүйг “бэлэглэсэн” байна.
Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан 2016 оноос хойш Хустайгаас Баруун сайхан уулдаа 10 буга нутагшуулсан нь 15 болж өсжээ. Харин өнгөрсөн сард “Нутгийн хишиг-2024” төслийн хүрээнд Булган сумын Хөөрхөн дэвсэг хэмээх газарт 10 илий нутагшуулснаар өмнийн говь, Говь Гурвансайхан уул 25 бугатай боллоо. Үлэг гүрвэлийн ул мөр бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой, Монголын “Улаан ном”-д орсон аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, эрээн хүрнэ, хадны суусар, шилүүс, өөхөн сүүлт, таван хуруут атигдаахай зэрэг ховор амьтантай дээрх уул “гэр бүл”-ийн гишүүнээ нэгээр нэмэв.
“Нутгийн хишиг-2024” төслийг тус аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хустайн байгалийн цогцолборт газар хамтран хэрэгжүүлж буй бол амьтан нутагшуулах ажлыг байгаль орчны мэргэжлийн байгууллага болох “Авралын эрэлд” компани хариуцаж байна. 50 гаруй жил энэ чиглэлээр дагнасан судлаач төслийг удирдан, өмнийн говиос гарын шавь (буга судлаач) төрүүлэхээр ажиллаж байгаа аж. Тэд жил бүр 30 буга Говь Гурвансайханд нутагшуулахаар гэрээ хийж, холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авчээ.

Дөнгөж төрсөн нялх төл хүлээн авч, хоёр сар гаруйн хугацаанд асарч, шинэ орчинд дасгахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол ХААИС-ийн IV дамжааны оюутан С.Чулуунцэцэг. Байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр суралцдаг түүний мөрөөдөл нь байгаль хамгаалагч болох. Тиймээс энэ төсөлд оролцохыг дуртайяа зөвшөөрчээ. Төслийн багийнхан түүнийг “асрагч эх” хэмээн дууддаг аж. Өдөрт тодорхой хуваарийн дагуу угжуулж хэвшсэн илийнүүд сүүний цаг дөхмөгц уулаас уралдан бууж, “асрагч эх”-дээ ирдэг гэнэ. Тэрбээр бугын төлүүдэд согооноо, хур, бүргэд, хүннү, хонгороо, цүндээк, янзага, зузу, тавжи, хөөрхөнөө гэсэн нэр өгсөн байна.
Халиун буга голдуу модлог, сөөглөг ургамлаар хооллодог. Судлаачид эл амьтны хоолны “цэс”-д 19 зүйлийн ургамлыг багтаажээ. Харин Говь Гурвансайхан уул, Хөөрхөн дэвсэгт эдгээрийн зонхилох буюу 14-15 зүйл нь бий учраас нутагшуулахад хамгийн тохиромжтой гэж үзсэн аж. Тэдгээрийг нялхад нь өдөрт дөрвөн цагийн зайтай таван удаа үхрийн түүхий сүүгээр угждаг байсан бол одоо хооллох зайг нь найман цаг болгосон гэнэ. Дараа жил угжнаас бүрмөсөн гаргаж, байгальд бие даан, зохицон амьдрах сонголт олгохоор төлөвлөсөн байна.
С.Чулуунцэцэг “Бугын төлүүдээ анх зургадугаар сарын 15-нд хэмжихэд хамгийн жижиг биетэй нь найм, том нь 16 кг жинтэй байсан. Одоо 26-27 кг болтлоо өссөн. Биеийнх нь урт буюу хоншоороос сүүл хүртэлх хэсэг 20 гаруй см-ээр нэмэгдээд байна. Сэрвээнийх нь өндөр мөн 20 орчим см-ээр өссөн. Халиун бугын онцлог зан төрх гэвэл маш гомдомхой, хүнд элэгсэг. Өөрийг нь тоохгүй байгааг, цааргалахыг маш сайн мэддэг. Ойрхон байгаад, илж таалаад, ярилцах тусам улам ойртдог, эрхэлдэг. Яг л хүүхэд шиг. Хүнд дасахдаа амархан. Танихгүй, олон хүн харахаараа айж, сандарч, стресстдэг. Эдэндээ их дасжээ. Хичээлийн шинэ жил хугацаандаа эхлэх бол наймдугаар сарын сүүлчээр хот руу явна. Хойшилбол хэсэгтээ энд байна. Явлаа гэхэд байнга эргэж тойрно. Дипломын судалгаагаа буга хамгааллын сэдвээр хийж, цаашид энэ чиглэлээр ажиллах сонирхолтой. Энэ хугацаанд халиун бугын талаар ихийг мэдэж, ойлголоо. Үр дүнтэй, дурсамжтай хугацаа өнгөрлөө” гэв.

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Пунсанцогвоо “Өмнө нь бид Хустайгаас нас бие гүйцсэн бугыг хатуу буюу байгальд шууд тавих аргаар нутагшуулсан. Энэ удаа зөөлөн буюу аажмаар дасгах, амьдрах чадвартай болсных нь дараа байгальд тавих аргыг туршиж байна. 2-3 жил ийм байдлаар асарч, хамгаална. Одоо илийнүүдээ хязгаарлагдмал хүрээнд буюу тусгайлан байгуулсан хашаанд бэлчээж, хонуулдаг. Амьдрах орчныг нь бий болгох, бэлтгэх ажлыг “Авралын эрэлд” компани хариуцаж байгаа. Үүнд 67.5 сая төгрөг төсөвлөсөн. Төл тус бүрийг нэг удаа угжихад 500 гр сүү зарцуулдаг. Өдөрт 25-30 литр сүү шаардлагатай. Сүүг нь нэг ч удаа таслаагүй.
Ургамал судлаач, доктор, профессор Д.Суран, Хустайн байгалийн цогцолборт газрын тахь нутагшуулах төвийн захирал Н.Банди нар 2016 онд Говь Гурвансайхан уулд судалгаа хийсний үндсэн дээр халиун буга сэргээн нутагшуулах байгалийн өгөгдөл хангалттай бий гэж үнэлсэн. Энэ дүгнэлт, шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаанд тулгуурлан эл ажлыг гүйцэтгэж байна” гэлээ. Халиун бугын үр төлийг харах гэсэн, угжны сүүгээр таслахгүй юм сан гэж сайныг санасан хүмүүс Хөөрхөн дэвсэгийг зорьж, хүндтэй “зочид”-той уулзан, төслийн үйл ажиллагаатай танилцаж байгааг нутгийнхан онцоллоо.
Халиун буга бусад амьтантай харьцуулахад байгалийн сорилт, шалгуурыг даван туулах чадвар муутай. Тухайн жил төрсөн үр төлийнх нь 40 орчим хувь нь л өсөж том болдог гэнэ. Нялх төл нь зэрлэг амьтдын идэш болох, батганд бариулах, өтөх зэрэг шалтгааны улмаас амь тавих нь элбэг аж. Харин нэгэнт нас бие гүйцэж, тэнхэрсэн буга амьдран буй газрынхаа экосистемд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулдаг. Эл амьтны эвэр байгалийн жамаар унаж, байгалийнхаа хөрсөнд шингэхдээ хүртэл орчин тойрныхоо газрыг эрүүлжүүлж, ургамал ургах таатай орчныг бүрдүүлдэг гэнэ лээ.