
БНУУ-ын нийслэл Будапешт хотын ойролцоох Бугац тосгонд манай улсын ЭСЯ-наас нүүдэлчдийн уламжлалт “Их хуралдай” наадмыг өнгөрсөн ням гарагт зохион байгуулав. Нүүдэлчдийн гэдэг агуулгаар Европт хамгийн томд тооцогддог уг наадамд энэ удаа тус тивийн бүхий л улс орноос монголчууд болон бусад үндэстэн 200 мянган наадамчин оролцсон байна. Гол арга хэмжээ нь Монгол Улсын Элчин сайдын нэрэмжит шагайн харвааны цомын тэмцээн аж. Үүнд цэц сорихоор Австри, ХБНГУ, Швед, БНЧУ, Франц, Унгараас арван баг тамирчин оролцжээ. Наадамчид өөр өөрсдийн гэрийг барьж тухалсан агаад монгол хоолоо хийж зооглохын сацуу адуу мал бүхий орчинд хүүхэд, багачууддаа Монголынхоо тухай ярьж, таниулсан өргөн хүрээтэй арга хэмжээ болжээ. Оролцогсод “Ийм олон улсын наадмыг Монголдоо зохион байгуулдаг болбол гадаад орнуудаас нүүдэлчин угсааны болон бусад наадамчин олноор зорьж очих соёлын томоохон арга хэмжээ болох байх. Арга хэмжээг өндөр ач холбогдол өгч зохион байгуулсан Элчин сайд З.Батбаярт талархаж байна. Эх орондоо харьж чадаагүй хүмүүс нутагтаа очсон мэт сэтгэл тэнийлээ” хэмээн өгүүлэв.
Бэлтгэсэн Р.Оюунаа