
Манай улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Тодруулбал, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 12.5 их наяд төгрөг болж, өмнөх жилийн мөн үеийнхээс 739 тэрбумаар өсжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) дээрх хувиар өссөний 2.7 пункт нь уул уурхай, олборлолт, 1.4 нь үйлчилгээний салбар, гурван пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдсон гэв. Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг дээрх хугацаанд хоёр их наяд төгрөг болж, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4.6 хувиар буурсан нь ДНБ-д 0.8 пунктээр сөрөг нөлөө үзүүлсэн аж.
Гадаад худалдааны бараа эргэлт эхний долоон сард 8.6 тэрбум ам.доллар болжээ. Үүнээс экспорт 4.7, импорт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.8 тэрбум, экспорт 953, импорт 896.1 сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ долдугаар сард улсын хэмжээнд өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 7.4, 2020 оны эцсээс 8.4, өмнөх сарынхаасаа 1.3 хувиар өсжээ.
Бэлтгэсэн Ц.Болор