
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Залуучуудын ДАШТ-ний хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар нар хүрэл медаль хүртсэн. Жүдо бөхийн спортоор 16 жил тасралтгүй хичээллэн, гурав дахь удаагаа олимпын наадамд өрсөлдсөн, Дэлхийн шилдэг жүдоч М.Уранцэцэгийн олимп, дэлхийн хос медальтан болсон амжилт, хоёр дахь олимпын наадамдаа оролцсон залуу жүдоч Ц.Цогтбаатар нарын медаль хүртсэн онцгой амжилтыг төрсөн нутгийнхан нь урамшуулж, орон сууцаар шагналаа.

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт УИХ-ын дарга Г.Занданшатар гурван өрөө байрны түлхүүр гардуулсан бол УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогч, Баянхонгор аймгийн удирдлагууд, нутгийн зөвлөлөөс хамтран Ц.Цогтбаатарт гурван өрөө орон сууц бэлэглэсэн юм. Түүнчлэн, Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарыг тус бүр таван сая төгрөгөөр урамшуулсан юм.
