
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулаад өчигдөр 200 хонов. Харин үүнтэй зэрэгцээд түүнийг огцруулахаар АН-ынхан, бие даагчаас гадна намынх нь дөрвөн ч гишүүн гарын үсэг зурж, хүнийх нь тоо 20-д дөхсөн гэх мэдээлэл тархлаа. Хэргийн эзнийг сөрөг хүчин гэхээс илүүтэй М.Энхболд, Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гэх мэтээр нам дотроос нь “тодруулаад” амжив.
Уг нь өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд АН-ынхан Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлснээ мэдэгдсэн. Энэ бол үнэмлэхүй олонх бүхий парламент дахь сөрөг хүчнээс хийж болох л үйлдэл. Гэвч тэд эрх баригчидтай шөргөөцөлдөхгүй, аясаар нь ажиллаж, сөрөг хүчний үүргээ хангалтгүй биелүүлж байгаа. Тэгээд ч өдгөө цөөнхийн бүлэгт харьяалагдаж буй 13 гишүүн бүгд гарын үсгээ зурсан, эсэх нь эргэлзээтэй. Үндсэн хуульд “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавивал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно” гэх заалт бий. Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналын босго болсон 19 гишүүний гарын үсгийг цуглуулахын тулд АН-ынхнаас гадна зургаан хүн олох ёстой гэсэн үг. Энэ тохиолдолд Ардын намынхнаас тэднийг дэмжиж гарын үсэг зурсан, ядаж л АН-ынхныг дэмжинэ гэж амласан гишүүдийг олоход бэрх.
Ерөнхийдөө Засгийн газраа огцруулъя гэвэл МАН-ынхан АН-аас үл хамааран өөрсдөө өлхөн унагачихдагийг сануулах гээд байгаа юм. АН-ынхны хувьд эрх баригчдыг эв нэгдэлгүй болгож, өөр хооронд нь хагаралдуулах гэхийн оронд хоёр талд үйл ажиллагаа явуулж байгаа, нэгдэж, нийлэх зай нь улам жижгэрсээр буй намынхнаа гар бариулж, нэгтгэсэн нь илүү өлзийтэй.
МАН-ынхан тартагтаа тулчихаагүй л бол одоо Засгийн газраараа оролдох нь юу л бол. Олдохоороо өлддөгийн зовлонг тэд мэдэрсэн, мэдрүүлсэн. Өмнөх парламентад 65 гишүүнтэй байхдаа 32, 33-аараа хуваагдаж, Засгийн газраа огцруулсан түүх тэднийх. Үнэмлэхүй олонхыг бүрдүүлж, Засгийн газар тогтвортой ажиллах боломжийг урьд байгаагүйгээр бий болгочихоод жил гаруйхны хугацаанд гурав дахь Ерөнхий сайдын эрэлд гарах гээгүй байлтай. Тэгээд ч Засгийн газрыг огцруулах, эсэхийг УИХ-ын тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэдэг хууль үгүй болсон. Өөрөөр хэлбэл, одоо нийт гишүүний олонх буюу ядаж 39 гишүүн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж байж Засгийн газрыг унагах юм. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийг огцруулъя гэсэн 19 гишүүн байлаа ч тэднээс гадна 20 хүн саналыг нь дэмжиж, товчлуур дарах хэрэгтэй болж байгаа юм.
Гэхдээ Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа зарим сайдыг сольж болзошгүй. Олон нийтээс шүүмжлэл хүлээж, анхаарлын тэмдэгтэй яваа нэг бус сайдыг явуулахаас гадна МАХН-ыг намдаа нэгтгэсний хариуд тэдний хүмүүсийг танхимдаа багтаах ёстой. Тохиролцооны дагуу 3-4 хүнийг МАХН-аас сайд болгох таамаг бий. Чухам ямар үндэслэлээр, хэнийг хэнээр солихыг одоо хэлж мэдэхгүй ч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ямар нэг хэмжээгээр хөдөлгөөн хийх нь лав. Ингэх эрх нь ч Ерөнхий сайдад бий. Ээлжит бус чуулганы сураг дуулдахгүй байгаа тул ирэх аравдугаар сард намрын чуулганаар энэ тухайгаа УИХ-д уламжлахыг үгүйсгэхгүй.
Харин Ерөнхий сайд танхимаасаа хэнийг явуулж, хэнийг авчрах вэ гэдгээ бие даан шийдэж чадах уу. Жишээ нь, МАН-ын өмнөх дарга, өнөөгийн Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн үед хэлэлцэн тохирч, ажил хэрэг болгосон хоёр намын нэгдлээс улбаатай сайд нарын томилгоо, албан тушаалын хуваарилалтыг хараат бусаар хийх болов уу. Уг нь тэрбээр “Ерөнхий сайд нь заавал намын дарга байх ёстой. Ялаа үүрвэл ямбаа ч эдлэх учиртай. Улс төрийн болон захиргааны эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлэх шаардлагатай” гэж хэлж байгаад намын тамгыг атгасан. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс “Хариуцлагагүй ажилласан сайд нараа танхимаасаа явуулах уу” хэмээн сэтгүүлч асуухад “Засгийн газар, сайд нар нь үлээхэд хийсчихээр байж болохгүй. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Шадар сайд С.Амарсайхан гээд нэр бүхий сайд нарт алдаатай нь холбогдуулан анхааруулж хэлсэн. Харин сайд, дарга нар авлигын ямар нэг асуудалд холбогдвол шууд чөлөөлнө” хэмээн мэдэгдэж байлаа. Нэгэнт нэг бус эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж, олон тамга гартаа атгасан Ерөнхий сайд одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Г.Занданшатар даргатай УИХ, МАН доторх, магадгүй нам дамжсан “нууц” бүлэглэлүүдээс аль болох хамаарал багатайгаар шийдвэрээ гаргаж, ял хийгээд ямбыг нь бодитой үүрч чадаж байна уу гэдэг нь л чухал.
Засгийн газрын тэргүүн эхний 100 хоногийг үндсэндээ вакцинжуулалтад зориулсан, хатуу хөл хориог цаг хугацааны хувьд оновчтой тогтоосон гэж дүгнэж байв. Тухайн үед коронавирусийн өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000-ыг давж, нас барсан нийт хүний тоо 200 хүрээгүй байсан. Сүүлийн 100 хоногт халдварын тоо өдөрт 2000-ыг давж, нийт 900 орчим хүн энэ өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Хөхөө өвлийн хүйтнээр нялх биетэй ээжийг нярайтай нь хамт хөл нүцгэн шахам гүйлгэлээ гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон У.Хүрэлсүхийн танхимтай харьцуулбал энэ удаагийн Засгийн газар “унах” болзлоо хэдийн хангасан мэт. Сөрөг хүчнийхэн сүртэй дуугарч, бодитой сануулж чадахгүй л байгаа болохоос эрдэнэт хүний амь хэдэн зуугаараа үгүй болж, бараг л бүх бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадан, цар тахал, онцгой дэглэмээр далимдуулан хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэж буй энэ үед Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах, эсэх талаар тогтож ярихад болохгүй зүйлгүй. Гэвч энэ өдрүүдэд газар авч буй огцруулах тухай яриа ямар бодит шаардлагад үндэслэж байгаа нь тодорхойгүй аж.
Эцэст нь хэдэн тоо сануулъя. Сүүлийн 27 жилд Монголд 14 Ерөнхий сайдыг томилсон (үүнд 2020 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрын тэргүүнийг оруулаагүй болно) бөгөөд тэдний бүрэн эрхийн дундаж хугацаа нь 1.8 жил байсан. Тэднээс хамгийн богино хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан нь 1998 онд найман сар хүрэхгүй хугацаанд буюу 200 гаруй хоног бүрэн эрхээ хэрэгжүүлсэн Ц.Элбэгдорж. Хэрэв Л.Оюун-Эрдэнийг огцруулах тухай яриа бодитой болбол тэрбээр хамгийн богино хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан гэх тодотголыг Ц.Элбэгдоржтой “булаалдаж” мэдэх нь. Эмгэнэлтэй нь, тэр дээр дурдсанчлан нэг нам үнэмлэхүй олонхыг бүрдүүлж, бүхий л түвшинд засаглаж байх явцад “унасан” золгүй Ерөнхий сайд байх болно. Бас хамгийн хүчтэй Ерөнхий сайд, хамгийн тогтвортой Засгийн газар ажиллаж болох таатай нөхцөлд тогтож чадаагүй нэгэн болж хувирна. Өдгөө эрх баригчид “эрх зүйн хувьсгал” гэх мэтээр сүржин яриад байгаа зүйлсийн эх болсон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үгүй болох нь харамсалтай. Үүнээс хойш ямар ч өөрчлөлт, шинэ зүйлсэд найдахааргүй болж, засаглалын хямрал гээч нь жинхэнэ утгаараа нүүрлэх эрсдэлтэй.