
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Монголын Залуучуудын холбоотой хамтран санамж бичиг байгууллаа.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд тэдний эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явц оролцоог нэмэгдүүлэх, соёл, боловсрол, иргэний үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, бие даан амьдрах, тасралтгүй суралцахад нь дэмжих, нийгэм, эдийн засгийн эрсдэлээс хамгаалахад чиглэсэн мэдээлэл, нөлөөллийн арга хэмжээг хамтран зохион байгуулах ажлын хүрээнд эл санамж бичиг байгуулжээ.
Талууд Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр ийнхүү төр, төрийн бус үндэсний хэмжээний байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлж, илүү хүртээмжтэй, өргөн цар хүрээнд олон талт арга хэмжээг зохион байгуулж, монгол залуу хүн бүрийн сайн сайхны төлөө хамтран ажиллахаа онцоллоо.