
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцсэн. Үүнд "Е-mongolia-2" цахим системийн хөгжүүлэлтийн талаарх асуудал ч багтжээ. "Е-mongolia-2" цахим системийг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар хөгжүүлэлт хийж байгаа гэнэ. 2020 оны аравдугаар сарын 1-нд ашиглалтад оруулсан "Е-mongolia" цахим системийг өдгөө 1.9 сая хүн ашигладаг бөгөөд Монголын хамгийн олон хэрэглэгчтэй систем аж. Улмаар өнөөдрийн хуралдаанаар тус системийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй болгохын тулд сургалт, судалгааны төв байгуулах ажлын талаар хэлэлцжээ.
Одоогоор "Е-mongolia" цахим системээр дамжуулан 539 үйлчилгээ авах боломжтой. Харин цаашид "Е-mongolia-2" системийг хэрэглээнд нэвтрүүлснээр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээ авах боломж бүрдэх гэнэ. Тухайлбал, иргэн жолооны үнэмлэхээ гэртээ мартаж, замын хөдөлгөөнд оролцвол цагдаагийн алба хаагчид "Е-mongolia-2" систем дэх бүртгэлийн мэдээллээрээ дамжуулан шалгуулах боломжтой гэнэ. Мөн шинээр компани нээж буй иргэд нэрийн бүртгэл хайлгахаас эхлээд гэрчилгээг нь хүргүүлэн авах хүртэлх бүхий л үйлчилгээг нэг дороос авч болно гэв.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар гүйцэтгэгч компани болон сайн дурын инженер, ажилтнуудын хамт "Е-mongolia-2" цахим системийн хөгжүүлэлтийг хийж байгаа аж. Цаашид царай таних, иргэний үнэмлэх болон хурууны хээгээр нэвтрэх эрхийг баталгаажуулдаг болгохоор шинэчлэлт хийн ажиллаж байна.