
“Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Алтжин групп” компанийн захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр дахин хэлэлцэхээр товлоод байв. Гэвч шүүгдэгч Г.Амарбат өмгөөлөгч шинээр нэмж авсан, тэр нь хавтаст хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурлыг хойшлууллаа. Уг нь эл хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны аравдугаар сард 13 өдөр хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Ингэхдээ Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Эргэн сануулахад, Ш.Батхүүд найман жил хорих ял шийтгэн, “Эрдэнэт үйлдвэр” болон улсад учруулсан хохирлыг нь гаргуулахаар болж, битүүмжилсэн эд хөрөнгүүдийг нь нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Өөрөөр хэлбэл түүнээс биет хөрөнгүүдийг авч улсын орлого болгох, гэм хорын хохиролд 140 гаруй тэрбум төгрөг гаргуулж, нэр бүхий компаниудад олгуулахаар шийдвэрлэсэн байна. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм. Түүнчлэн Ш.Батхүүгийн нотлох баримт хуурамчаар үйлдэн Төрийн банканд хохирол учруулсан үйлдлийг ч гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байдаг.
“Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон. Прокурорын байгууллагаас Ш.Батхүүг тухайн үеийн “Хадгаламж банк” (одоогийн Төрийн банк)-ийг зээлийн батлан даагчаар оролцуулах баримт бичиг хуурамчаар үйлдсэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнууд болох Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн “Стандарт” банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авч, тус үйлдвэрт хохирол учруулсан, “Мах Маркет”, “Жаст ойл”, “Олон овоот гоулд” ХХК-ийн хувьцаа болон “Жаст групп”-ийн өмчлөлийн 12 орон сууц, үл хөдлөх хөрөнгийг бэлэглэл болон худалдах гэрээгээр дамжуулан шилжүүлж, үнэгүйдүүлэн мөнгө угаасан үндэслэлээр буруутгасан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ш.Батхүүд оноосон ялыг долоон жил болгон хөнгөрүүлсэн юм.
Харин Улсын дээд шүүх Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сарын 19-нд хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаагаад буй билээ.