
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Төрийн банк болон Хөгжлийн банкны хөгжлийн концепцод нэмэлт, өөрчлөлт оруулах талаар тус хуралдаанд танилцуулсан байна. Тодруулбал, Төрийн банкийг нийгмийн дундаж давхаргад илүү үйлчлэх, бага орлоготой хэсгийг бойжуулж, тэдгээрт шаардлагатай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлд хөгжүүлэх гэнэ. Нийгмийн дундаж давхарга гэдэгт манай улсын хувьд өрхийн орлого нь ойролцоогоор 1-3 сая төгрөгт хүрч буй хэсгийг хамааруулж байна. Ингэснээр Төрийн банкны үйлчилгээний цар хүрээ илүү тэлнэ гэж үзэж буй аж. Харин Хөгжлийн банкийг экспорт, импортын банкны чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэхээр төлөвлөжээ. Гэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй гэнэ. Зөвхөн банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулан, шийдвэрлэх боломжтой гэв. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүйг Сангийн сайд онцолсон. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд нь чанаргүй зээл болохыг тодотгов. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй, татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банканд хяналт шалгалт хийж байгаа аж. Тэрбээр “Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй учраас Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Гэхдээ энэ нь хүнтэй холбоотой өөрчлөлт биш. Чанаргүй зээлийг хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарч, өөрчлөлт хийнэ” гэв.
Цаашлаад төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн талаар баримтлах бодлогын өөрчлөлтийн тухай ч дурдлаа. Ийм төрлийн 500 гаруй аж ахуйн нэгж бий аж. Үүнээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шууд хяналтад байдаг 107 аж ахуйн нэгж байгаа гэнэ. Тус агентлаг нь тэдгээрт шууд болон яам, бусад агентлагаар дамжуулан хяналт тавих замаар ажилладаг юм байна. Нийт 32 их наяд төгрөгийн тэнцэлтэй хуулийн этгээдүүд бий ч төсөвт төвлөрүүлэх өгөөж нь 180-200 тэрбум төгрөг байгааг сайд Б.Жавхлан дурдсан. Тиймээс үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор бүтцийн өөрчлөлтийг гурван чиглэлээр хийх санал гаргажээ. Тодруулбал, стратегийн чухал ач холбогдолтой төрийн өмчийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих нэг хувилбар байх аж. Хоёрдугаарт, тухайн аж ахуйн нэгж нь төрийн өмчийн оролцооны шаардлагагүй бол бирж, хувьцаат компани болгох хэлбэрээр олон нийтийн хяналтад оруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломжтой. Гуравдугаарт, үр ашиггүй, алдагдалтай ажилладаг компаниудыг татан буулгах гэнэ. Улмаар цаашид төрийн өмчийг нэгдмэл байдлаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хариуцуулан, корпорацын зохион байгуулалтад оруулах, эсэх талаар яамдаас саналыг нь авч байна.
Мөн гурван хувийн хүүтэй зээлийн эх үүсвэр дууссаныг тэрбээр энэ үеэр дуулгав. Сангийн сайд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлүүдийн эх үүсвэр бидний төлөвлөснөөс хурдан дуусаж, олголт нь хүртээмжтэй байлаа. Гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих зээлээр энэ жил хоёр их наяд төгрөг гаргахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар хоёр их наяд төгрөг гаргаад дууссан. Үр дүн нь төсөвт сайнаар нөлөөлж байна. Нийт 5121 аж ахуйн нэгж, 17 мянган иргэн энэ зээлийг авсан. Уг нь 3500 аж ахуйн нэгжид очно гэж бид төсөөлж байлаа. Энэ нь уг зээл зорилтот хэсэгтээ очиж байгаагийн илрэл болов уу. Зээл бол халамж, тэтгэвэр биш. Бас хүн бүхэнд очих ёстой зүйл ч биш. Одоо зээлийн эх үүсвэрээс 200 тэрбум төгрөг үлдсэн. Банкуудад судлагдаж байгаа зээлийн хэмжээ 400 тэрбум төгрөг хүрэхээр байна” гэв.
Дараа нь тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Замын-Үүдэд үүссэн ачаа тээврийн бөөгнөрөл яагаад цэгцрэхгүй байна вэ?
-Замын-Үүдэд сүүлийн хоёр сар арга хэмжээ авсны эцэст тодорхой үр дүн гарч байгаа. Гаалийн хураамж, татварын орлого мэдэгдэхүйц өссөн. Бидний онцгой анхаарах ёстой асуудал Гашуунсухайтад бий. Нүүрсний экспорт өнгөрсөн зургадугаар сараас хойш зогслоо. Үүнийг есдүгээр сараас эхлэн хэвийн байдалд оруулахын тулд томоохон арга хэмжээ авч байна. Ирэх сараас үр дүн нь гарна гэж найдаж байгаа. Манай жолооч нар Хятадын хилийг, цаанаас манай хилийг нэвтрэхгүйгээр нүүрсээ солилцох шинэ терминалын бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Энэ сард дуусаж, есдүгээр сард ажиллаж эхлэх юм.
-Цалин, тэтгэвэрийг нэмэх үү?
-Энэ талаар ярихад эрт байна. Яг өнөөдрийн байдлаар 2022 оны төсвийн төслөө нэгтгэж эхэлж байна. Хуулийн хугацаандаа буюу аравдугаар сарын 1 гэхэд ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина. Тэр үед илүү тодорхой болно.
-НӨАТ-ыг тэглэнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-НӨАТ-ыг тэглэхгүй. Үүнийг тусгай хуулиар зохицуулдаг. Засгийн газар УИХ-д ийм хуулийн төсөл өргөн барих ямар ч төлөвлөгөө байхгүй. Дэлхийн 186 улсаас 185 нь ийм татвартай. Монгол Улс харин ч бага татвар авдаг. НӨАТ-ын буцаан олголт өгдөг улс дэлхийд байхгүй. Харин сугалаа явуулдаг цөөн хэдэн улс бий. Сангийн яам, Засгийн газар НӨАТ-ын системээ цаашид сонгодог утгаар нь хадгалж, хөгжүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.