
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа үгийг байнга сонсож байх ёстой гэж үздэгээ Ерөнхийлөгч тодотгов. Иймээс цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор, есдүгээр сарын эхний 10 хоногт багтаан хийхээр шийдвэрлэснээ хэллээ. Тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, гарах гарц, шийдэл зэргээ энэ үеэр бүх талаас нь ярилцан, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод юуг нь хариуцахаа тодорхой болгох нь зүйтэй гэв. Төрийн тэргүүний хувьд зөвлөгөөнөөс гаргах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлсэн юм.
Коронавируст цар тахлын үед холбоодын гишүүн байгууллагууд бүх хүчээ дайчлан ажиллаж буйг тус холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэлсэн. Мөн “Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн, улс төрийн нөхцөл байдал тогтвортой байвал хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн нэмэр болно” хэмээлээ. Үүнээс гадна Эрчим хүчний ассоциацын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж “Дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хөрөнгө, мөнгө шаардагдах ч өнөөгийн үнэ тарифаар эрчим хүчээ худалдан борлуулахад өртгөө найман жилийн дотор нөхөх боломжтой. Ингэж байж бид цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээгээ дотоодоос хангаж, эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ. Эрчим хүчний салбарынхан агаарын бохирдлыг бууруулахад шинэ станцыг түшиглэн хувь нэмрээ оруулахад бэлэн байна” гэсэн бол Монголын уул уурхайн үндэсний ассоциацын ТУЗ-ийн дарга А.Билгүүн “Цар тахлын улмаас уул уурхайн салбар жил хагас орчим зогсонги байдалд орлоо. Гэхдээ улс төрийн амьдрал тогтвортой байх нь туйлын чухал” хэмээв. Түүнчлэн Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир “Малчид, иргэд хоршиж байж ахуй амьдралаа сайжруулна. Байгаль орчноо ч хамгаална. Бид хоршооны давуу талыг ашиглан бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлд гаргахад нь холбох замаар өрхийн амьжиргааг дэмждэг. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ өнгөрсөн чуулганаар баталсан” гээд хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Мэдээллийн технологийн салбарын төлөөлөл Б.Цолмон “Мэдээллийн салбар бол хөгжлийн суурь. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Их, дээд сургууль төгсөж байгаа хүмүүсийн 90 хувь нь шаардлага хангадаггүй. Ажиллах хүн олдохгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болсон” хэмээгээд дэмжиж ажиллахыг хүссэн юм.