
Түүх, соёлын хосгүй үнэт, үнэт эд зүйлийг хулгайлах, хил давуулан борлуулах явдал гарсаар байна. Уг нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Эрүүгийн хуульд тусгай бүлэг оруулсан хэдий ч нөхцөл байдал төдийлөн сайжирсангүй. Хамгийн сүүлд гэхэд Амарбаясгалант хийдээс эд зүйл хулгайлсан хэрэг гарсныг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийнхэн уржигдраас шалгаж эхэлжээ. Гэхдээ тухайн хэрэг тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 1-ний хооронд гарсныг өнгөрсөн даваа гарагт л хурал номын үйл ажиллагаа явуулах үедээ мэдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн аж. Эх сурвалжуудын мэдээлснээр Амарбаясгалант хийдийн өвлийн дуган болох Дашчоймбол дацангаас мөнгөн мандал нэг, бишгүүр хоёрыг хулгайлсан гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран Эрдэнэзуу хийдээс Майдар бурхан гурав, Богд зонхов хоёр, Өндөр гэгээн Занабазар бурхан хулгайлсан таван хүнийг илрүүлэн саатуулж, мөрдөн шалгаж буй билээ.
Өмнө нь хулгай, дээрмийн хэрэгт ял шийтгүүлж байсан тэд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргийн нутагт үйл ажил лагаа явуулдаг сүм, хийдээс эртний эд зүйл хулгайлсныг цагдаагийнхан тогтоосон юм. Энэ мэтээр соёлын өвийн эсрэг гэмт хэрэг гарсаар байна. Ерөн хийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил Засгийн газрын тэргүүн байхдаа “Үнэлж баршгүй үнэт өв, түүний илрүүлэлт, хадгалалт, хамгаалалтад анхаарч, дэлхийд сурталчлан таниулах, түүхийн олдворуудад тулгуурласан бүс нутгийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох чиглэлээр дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон. Үүний зэрэгцээ соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцэх болно. Соёлын өвийг тонон дээрэмдэгчид, булш хиргисүүр ухагчид хохирогчгүй хэмээн хариуцлагаас мултарч байгаа нь байж боломгүй үзэгдэл. Соёлын өвийн гэмт хэргийн хохирогч нь Монголын ард түмэн” хэмээж байсан билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа