
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль, тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг УИХ өнгөрсөн онд баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсохоор УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо, Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.
Дээрх тогтоолын дагуу 30 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Үүнээс 12 хуулийг УИХ баталсан байна. Ирэх намрын чуулганаар нэн яаралтай батлах шаардлагатай хэд хэдэн хуулийн төсөл хүлээгдэж буй аж. Тодруулбал, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл нь хэлэлцүүлгийн шатанд байгаа гэнэ. Тус тогтоолын хэрэгжилтийн талаар УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан мэдээлэл хийсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга эдгээр төслийг боловсруулах талаар хариуцсан хүмүүст нь чиглэл өгч, ирэх аравдугаар сард хэлэлцүүлгүүд зохион байгуулахыг үүрэг болгов.
Бэлтгэсэн У.Наран