
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар ангийн цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд өчигдөр хяналт шалгалт хийлээ.
Мөн цэргийн албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, хувцсаар хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох, мэдээлэл авах, өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилттэй танилцлаа.
Эл ажлын хэсэг энэ сарын 18-25-нд Хилийн цэргийн Дорнод аймаг дахь 0132, 0306, 0198, Сүхбаатарын 0146, 0184 дүгээр ангид хяналт шалгалт, судалгаа хийх юм. Судалгааны хүрээнд цэргийн албан хаагчдаас санал асуулга авах, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, албан хаагчдын эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид дүн шинжилгээ хийх аж.