
Ашигт малтмал, газрын тосны газар өнгөрсөн долдугаар сард “Тэлмэн ресурс” компанитай Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутагт орших “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан талаар бид мэдээлсэн. Уг талбайд боломжит 5.96 их наяд шоо фут нөөц бий гэж таамаглаж буй агаад үүнд төсөл хэрэгжүүлэгчид баяртай байгаа тухай stockhead.com.au цахим хуудсанд тэмдэглэжээ. Ташрамд дурдахад, дээрх талбай нь Монгол, Хятадын хилээс 20 хүрэхгүй км зайд байрладаг аж. Тус компани “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн дундаж агуулга 82.3 хувь хэмээн тооцоолсноо мэдэгдэж байв. Мөн нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажилд 10 жилийн хугацаанд 8.9 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөснөө дурдаж байсан юм. Сонирхуулахад, нүүрсний давхаргын метан хий нь нүүрсээс 3-4 дахин их дулаан ялгаруулдаг, бүрэн шатдаг бөгөөд ямар ч тортог болон үнэргүй гэнэ.
Бэлтгэсэн Б.Сонор