
Сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутагт 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьж буй. Сургуулийн өмнөх насны 874 хүүхэд амьдардаг тус хороонд төрийн өмчийн болон хувийн цэцэрлэгийн аль нь ч байгаагүй юм. Харьяа цэцэрлэггүйн улмаас тус хорооны 692 хүүхэд өөр дүүрэг, хорооны цэцэрлэгт суралцаж байсан бол үлдсэн 182 нь сургуулийн өмнөх боловсролд огт хамрагдаж чаддаггүй байв.
Тиймээс боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 278 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Монгол дээвэр”, “Цац орхон” компани түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байгаа бөгөөд шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.