
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах зарим саналын талаар мэдээлэл хийв. Энэ үеэр тэрбээр "Хотод тулгамдсан олон асуудлын нэг нь түгжрэл. Улаанбаатар хотод нөхцөл байдал амаргүй байна. Өнөөдөр 615 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд жилд 80.000 автомашин шинээр нэмэгдэж байна. Авто замын 78 хувь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Үүнтэй уялдуулаад түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гарсан. Есдүгээр сарын 15 хүртэл нарийвчилсан ажлыг хийнэ. Ер нь түгжрэлийг 50 хувь бууруулж чадна гэж бодож байна, үүнд эргэлзэх хэрэггүй. Нийслэлийн түгжрэл их тойрог дотроо л бий. Тиймээс энэ тойрогт байгаа худалдааны болон төрийн байгууллагуудтай уулзаж, ярилцана. Үүний дараа дэд төвүүдийг байгуулж эхэлнэ. Дээр нь дагуул хотын асуудал яригдана. Энэ бол автомашины хөдөлгөөнийг бууруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэнэ хэмээн тооцоолж байна" гэж мэдээллийнхээ эхэнд тодотголоо.