
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий “Солонго -1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийн ажлыг тусгасан. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн сангийн хөрөнгөөр дээрх барилгыг барихаар шийдвэрлэсэн юм. Төслийн суурь бэлтгэл ажил болох зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээний гэрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон БНСУ-ын “Самвүү”, “Мүён”, “Да групп”, “Эл эйч” компанийн түншлэл цахимаар уулзаж, гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан юм.
Тэгвэл өнөөдөр БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Инженер, дэд бүтцийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатар, “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, “Солонго 1, 2” төслийн зураг төсөл, төсөв боловсруулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Ялгуун баян” компанийн холбоо дохиоллын инженер Ц.Жавхлантөгс нар ажлын явцыг эрчимжүүлэх талаар ярилцлаа.
Энэхүү төслийн хүрээнд ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын орон сууцын цогц хороолол барихаар ажиллаж байна хэмээн БХБЯ-наас мэдээлэв.