
Энэ жил улсын хэмжээнд 616 мянган га талбайд тариалалт хийснээс 385 мянган га-д нь улаан буудай тарьсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн байдлаар улаан буудайн 70 орчим хувь нь аарцан болцод хүрсэн бөгөөд ирэх сарын 15-наас ургац хураалтыг эхлүүлэхээр төлөвлөснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Түүнчлэн одоогоор нийт нутгаар бүх төрлийн таримлын төлөв хэвийн байж, цаг агаар болон бусад нөхцөлөөс шалтгаалсан хүндрэл үүсээгүй гэв. Төмс, хүнсний ногоо, улаан буудайг хураахад дунджаар гурван долоо хоног зарцуулдаг бөгөөд тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд 8000 хүн нэмж ажиллуулах захиалга ирүүлсэн аж. Ташрамд дурдахад, энэ намар нэг га талбайгаас 12 центнер буюу нийт 470 мянган тонн улаан буудай авч, дотоодын жилийн хэрэглээний хэмжээнээс 60 орчим хувиар ахиулахаар тооцжээ.