
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн баасан гарагт Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн талаар сонсгол хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүнд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, гишүүн Б.Энхбаяр болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга C.Амардэлгэр нар оролцов.
“ЦЭЦ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНАА ХИЙГЭЭГҮЙ”
Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар байнгын хорооны дарга, холбогдох ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт уулзалтын эхэнд танилцуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа ч УИХ-аас томилох нийт 10 хүний тухайд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатаад буй. Өөрөөр хэлбэл, Цэцийн дунд суудлын хуралдааны дээрх дүгнэлтийг УИХ хүлээн аваагүй тул их суудлын хуралдаан болох ёстой бөгөөд үүнийг хүлээж байгаа юм. Гишүүн Б.Энхбаяр “Шүүхийн тухай хууль хэрэгжээд зургаан сар болсон ч Цэцийн дээрх дүгнэлтээс болж Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог байгуулах ажил гацсан. Цэцийн дүгнэлтийн талаарх шийдвэрээ УИХ тавдугаар сард гаргасан байхад тэд өнөөдрийг хүртэл их суудлын хуралдаанаа хийгээгүй, хэзээ болох нь тодорхойгүй байна. Цэцийн энэхүү эс үйлдлээс үүдэн шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл, тэдний алдаа, оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороо зэрэг шударга ёсны “араа шүд” болж байх ёстой хоёр байгууллага нь ажиллаж чадахгүй өнөөдрийг хүрлээ. Тиймээс шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэц энэ сард багтаан их суудлын хуралдаанаа хийж, шийдвэрээ гаргах шаардлагатай” гэв.
Түүнчлэн Үндсэн хууль дахь “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн заалтын дагуу шүүх байгууллагын хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн ирэх оны төсвийг УИХ хянаж, түүнийг нь Засгийн газар, Сангийн яам нэгтгэдэг байх зохицуулалтын дагуу ажиллаж байгааг байнгын хорооны дарга С.Бямбацогт уламжилсан. Шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудын, хуралдааны нарийн бичгийн даргын цалинг нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгажээ. Мөн шүүгчийн цалингийн нэмэгдлийг тооцсон байна.

Шүүхийн тухай хуулийн 44.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11.1.6, 11.1.7, 11.1.8, 12.1.4-т заасан этгээд нь шүүгчтэй албан ажлаар уулзах тохиолдолд тэмдэглэл хөтөлж, баталгаажуулан тухайн байгууллагын нууцын асуудал хариуцсан албан тушаалтанд ажлын гурван өдрийн дотор өгөх үүрэгтэй…” гэж заасны дагуу тус уулзалт албан ёсны тэмдэглэлтэй явагдаж байгааг УИХ-ын дарга онцолсон. Улмаар шүүгчийг нөлөөллөөс хамгаалах агуулга бүхий, олон улсын энэхүү сайн жишгийг бүх шатандаа хэвшүүлэн ажиллахыг санууллаа.
Улсын хэмжээнд анхан болон давж заалдах шатны 116 шүүхэд 500 шүүгч ажиллаж байгаа бөгөөд 41 Тамгын газар хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд мэдээлэл судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн ажиллаж байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр танилцууллаа. Тухай тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгохоор хуульд заасны дагуу энэ оны гуравдугаар сарын 1-15-нд тэднийг сонгосон байна. Мөн шүүхийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, байршлыг тогтоох талаар харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг батлахаар Улсын дээд шүүхтэй зөвшилцөхөөр саналаа хүргүүлээд байгаа гэв. Өөрөөр хэлбэл, үүнийг баталсны дараа Засгийн газарт холбогдох саналаа хүргүүлж, УИХ-д танилцуулан шийдвэрлүүлснээр тойргийн болон дагнасан шүүхийг байгуулах юм байна. Шүүхийн захиргааны чиглэлээр үйлчилж байгаа дүрэм, стандарт, аргачлалыг хуульд нийцүүлэн боловсруулах ажлыг хуваарь гарган гүйцэтгэж байгаа юм байна. Нийт 50 гаруй баримт бичиг батлахаас зургааг нь бэлэн болгож, үлдсэн дүрэм, журам, стандарт, аргачлалын төслийг боловсруулсан гэнэ. Шүүхийн ерөнхий зөвлөл томилогдсоны дараа эдгээрийг батлах аж. Мөн нийт шүүгчийн чуулганыг ирэх аравдугаар сарын 15-ны дотор зохион байгуулахаар ажиллаж буй юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хорооны байр, орон тоо, төсвийн асуудлыг Засгийн газар, холбогдох талууд анхааралдаа авч яаралтай шийдвэрлэх, нийт шүүгчийн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах зэрэг саналыг гишүүн Б.Энхбаяр хэлсэн. УИХ-ын дарга түүний саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
ШҮҮГЧИЙН БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ЭСЭХИЙГ ШИЙДВЭРЛЭХ “АЖИЛЛАГАА” ГАЦЖЭЭ
Харин шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналыг хянан үзээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн сахилгын хороо байгуулагдаагүйн улмаас энэ төрлийн ажиллагаа зогсонги байдалд оржээ. Шүүгч нарыг шилжүүлэн томилох боломжийг хуулиар хязгаарласан учраас боловсон хүчний нөөц хуваарилалтад бэрхшээл үүссэн байна. Хуульд “сэлгэн ажиллуулах” гэсэн шинэ хэлбэрийг тодорхойлсны дагуу холбогдох судалгаа, бэлтгэлийг хангаж байгаа ч шүүгчийг шилжүүлэн томилох боломжийг хуульд нээж өгөх шаардлагатайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга хэлж байлаа.

Гишүүн Б.Энхбаяр Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдээгүйг шүүмжлэв. Мөн хуулийн 22 дугаар зүйл буюу шүүхийн шийдвэрийг ил тод, нээлттэй, олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр тухай бүрт нь олон нийтэд мэдээлдэг, бүх шатны шүүх шийдвэрээ шүүхийн шийдвэрийн нэгдсэн цахим санд байршуулах, тэдгээрийг эмхэтгэн хэвлэх заалтуудыг хэрэгжүүлэхгүй байгааг дурдсан. Тэрбээр “Шүүх шударга ёсыг сахиулдаг. Харин шударга ёс олон нийтийн итгэлд тулгуурладаг. Шүүх нээлттэй, ил тод, ойлгомжтой, үндэслэлтэй шийдвэрээр дамжуулан олон нийтийн итгэлийг олно. Шүүхийн тухай хуулийн нэн чухал ач холбогдолтой эдгээр заалтыг огт хэрэгжүүлэхгүй байна” гэлээ. Үүнд Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Амардэлгэр “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг холбогдох дүрэм, журмын хүрээнд зохион байгуулсан бөгөөд ойрын хугацаанд саналаа хүргүүлэхээр төлөвлөж байгаа. Шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг мэдээллээр хангах, Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд байгуулах ажлыг зохион байгуулж байна” хэмээн хариулсан.
Шүүх засаглалыг аливаа улс төрийн хүрээлэл, тодорхой улстөрчийн нөлөөллөөс ангид байлгах зорилгоор хийсэн шинэтгэл гацах учиргүйг байнгын хорооны дарга Ж.Мөнхбат дурдаад, төрийн аливаа үйл ажиллагааг тодорхой цаг хугацаатай болгох чиглэлд анхаарах шаардлагатай гэлээ. Шүүхийн тухай хууль хэрэгжих шатандаа гацчихсаныг нэн даруй арилгах ёстойг УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан хэлж байлаа. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа цахимжуулан, тасралтгүй ажиллах боломж бий гэв. УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулах шаардлагатай. Тус зөвлөлийг олон улсын жишгээр нийтэд ил тодоор, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулж байгуулна. Хамгийн чухал энэ заалт хэрэгжихгүй байгаа нь шүүхийн нэр хүндийг ч унагаж байна. “Шударга бусын хонгил”-ыг нураах эл зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд УИХ онцгой анхаарал хандуулна” гэсэн юм. Улмаар уулзалтад оролцогчдын гаргаж буй Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Үндсэн хуулийн цэц цар тахлын нөхцөлд цахимаар хуралдах боломжгүй, эрх зүйн орчин байхгүй. Тиймээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй. Эдгээрийг намрын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэн баталснаар Шүүхийн тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ” гэв. УИХ-ын дарга “Үндсэн хуульд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэж тусгасан. Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар олон улсын жишгийг судалсны үндсэн дээр Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа. Төсөлд тусгасанчлан сонгон шалгаруулах зарчмыг төрийн байгууллагууд баримтлах нь зүйтэй. Одоогийн эрх зүйн зохицуулалтаар төрийн албанд шилдгүүдийг шилж, сонгон ажиллуулах боломжгүй байгаа” гээд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо болон шүүгч нарын сонгон шалгаруулалтдаа ч дээрх зарчмыг баримтлах нь чухал хэмээлээ. Шүүхийн тухай хуулиар шүүгчид таван төрлийн сахилгын шийтгэл оногдуулдаг болсон. Шүүгч нар санаатай болон санаандгүй байдлаар ямар нэг зөрчил гаргахгүй байхад онцгойлон анхаарч, дор бүрнээ хуулийг хэрэгжүүлэн ажиллах ёстойг сануулав. Мөн шүүх байгуулах ажлыг нэн яаралтай хийхийг үүрэг болголоо. Тэрбээр “Авлигыг таслан зогсоодог хамгийн сайн жишиг бол энэ төрлийн хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах явдал. Авлигын хэргүүдийг цэгцэлдэг олон улсын ийм туршлага байдаг. Судлаач, эрдэмтэд нь ч үүнийг зөвлөдөг” гээд авлигын хэргийг дагнан шийдвэрлэдэг шүүх байгуулах талаар судалж, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр шуурхай ажиллахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл өглөө.
Бэлтгэсэн Б.Уран