
ГССҮТ-өөс “Осол, гэмтлийн шалтгаант нас баралтын байдал” тайлан гаргажээ. Энд анхаарал татсан нэг зүйл байна. Ослын дийлэнх нь санамсаргүй байдлаас үүдэлтэй бол санаатайгаар өөрийгөө гэмтээж, амиа хохироосон тохиолдол цөөнгүй аж. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд 99, түүний дараахад 110 хүн амиа хорложээ. Өдөр бүр 1-2 хүн хүн ийм байдлаар хорвоог орхисон гэсэн үг. Осол, гэмтлийн шалтгаант нас баралтыг хордолт (эмийн болон эмийн бус бодист) тэргүүлж, үүний хойно амиа хорлох, зам, тээврийн осолд өртөх, байгалийн хүчинд автах, ямар нэг биетээс унах оржээ. Нийт ослын 34 хувийг хордолт эзэлж буй бол амиа хорлолт 17.6 хувьд хүрчээ. Зам, тээврийн осолд өртөх, эсвэл санамсаргүй байдлаар ямар нэг зүйлээс унаж, нас барахаас амиа хорлох нь хамаагүй “хялбар”, түгээмэл үзэгдэл болсныг энэ баримт харуулж байна.
90 хоногт 99, 110 амь. Харамсмаар тоо. Халаглам баримт. Гэтэл үүнийг сүүлийн жилүүдийн дундажтай харьцуулахад багахан буюу 10- 12 хувиар өссөн үзүүлэлт гэжээ. Манай улсад гурван сарын дотор 60, 70, 80 хүн амиа егүүтгэх нь дундаж үзүүлэлт гэнэ. Өнгөрсөн оны мөн хугацаанд 78, түүний өмнөх жилд 81 хүн өөрийнхөө хүслээр хорвоогоос буцсан байна. Харин 2021 онд амиа хорлосон хүний тоо 500 өлхөн давах төлөвтэй гэнэ. Учир нь, долдугаар сард 40, наймдугаар сар гарснаас хойш 36 хүн ийм байдлаар нас барж, онцгой байдлын газрын алба хаагчид 10 гаруй иргэний үйлдлийг таслан зогсоожээ. Энэ сарын 17-нд гэхэд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт орон сууцын дээвэр дээрээс хүн үсрэхээр завдсан хэрэг хоёр бүртгэгдэж, алба хаагчдыг сандаргасан аж. 3.3-хан сая иргэнтэй, хүн амаа өсгөх идэвхтэй бодлого баримталж буй улсад 90, 100 байтугай 10 амь үнэ цэнтэй, 10-12 хувийн өсөлт гэдэг аюулын харанга юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан “Гаднын шалтгаант нас баралтын өнөөгийн байдал” тайланд дурдсанаар 2020 онд улсын хэмжээнд 16 211 хүн нас баржээ. Үхлийн тэргүүлэх шалтгаанд элэг, цөс, зүрх судасны өвчлөл, хорт хавдар, тархины цус харвалт зэрэг орж, нийт тохиолдлын 49.5 хувийг эзэлсэн бол амиа хорлолт эдгээрийн дараа жагсжээ. Улмаар нас баралтын 2.4 орчим хувийг эзлэв. Өнгөрсөн жил 388 хүн энэ шалтгаанаар хорвоогоос буцсан гэсэн үг. Сүүлийн 15 жилийн хугацаанд жилд дунджаар 16 000 гаруй хүн нас барснаас 438 буюу гурав орчим хувь нь амиа хорлосон байна. 33 минут тутамд нэг хүн алтан амиа алдаж, 20 цаг тутамд нэг иргэн зохисгүй шийдвэр гаргаж, энддэг гэсэн тооцоог мэргэжилтнүүд үүнээс үндэслэн гаргажээ.

Эл тайлан, судалгаанд нэг асуудлыг ул суурьтай хөндсөн нь холбогдох статистик, мэдээллийн зөрүүтэй байдал. Манай улсад амиа хорлосон тохиолдлуудыг ЭМЯ болон ЦЕГ бүртгэдэг. Гэвч энэ хоёр байгууллага тухайн тохиолдлыг өөр өөр арга барил, шалтгаанаар бүртгэдэг учраас мэдээлэл нь эрс зөрдөг гэнэ. Тухайлбал, цагдаагийн байгууллага үүнийг гэмт хэрэгт хамруулан авч үздэг бөгөөд “Бусдыг амиа хорлоход хүргэсэн нь тогтоогдсон, үүний улмаас нас барсан” гэдэг байдлаар мэдээлж, бүртгэдэг аж. Харин ЭМЯ олон улсын өвчний ангиллаар “Өвчлөл ба нас баралтын гаднын шалтгаан” гэсэн ангилалд багтаан, бусад төрлийн осол, гэмтэлтэй нэгтгэн мэдээлдэг байна. Үүнээс болоод энэ асуудал олны анхааралд төдийлөн өртөхгүй үлдэж байгааг онцлон дурджээ. Энэ дүгнэлт үндэслэлтэйг ГССҮТ-ийн бүртгэлээс харж болохоор байна. Эднийх гэхэд амиа хорлолтыг осол, гэмтлийн шалтгаант нас баралтад тооцож, бүртгэдэг. Улирал бүрийнх нь тайлантай нэгбүрчлэн танилцаж, уншихгүй л бол хэн ч амиа хорлолтын талаар сэрдхийм баримт дотор нь буйг мэдэх аргагүй юм билээ.
Үндэсний статистикийн хорооныхон энэ талаар “Амиа хорлолтын тухай статистик, мэдээллийг олон улсын жишгээр бүртгэж, сэдэл, шалтгааныг нас, хүйсийн онцлогоос хамааруулан нарийвчлан тодорхойлж, эрсдэл бүхий бүлгийг тогтоон, түүнд тохирох арга хэмжээ авах шаардлагатай” гэв. Холбогдох байгууллагууд “Жилд төдөн хүн амиа хорлолоо”, “Тэр дүүрэгт 40 орчим насны иргэн өөрийгөө егүүтгэв” гэж мэдээлэхээсээ илүү эдгээрт тулгуурласан мэргэжлийн дүгнэлт, судалгаа хийх нь чухал гэдгийг тус байгууллагынхан хөнджээ.
Энэ шалтгаанаар эндсэн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл өсвөр үе, залуучууд олонхыг нь эзэлдэг байна. 2020 онд амиа хорлосон хүмүүсийн 80 хувийг энэ насныхан эзэлсэн бол энэ жил 69 хувь болж буурчээ. Харин дунд буюу 35-39 насныхны эзлэх хувь 12 хувиар нэмэгджээ. Насны онцлогоос хамаараад ийм үйлдэл хийх шалтгаан нь ч өөр өөр аж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэц, зан үйл судлаач Х.Хэрлэнчимэг “Бид 2017, 2018 онд “Амиа хорлолтын нөхцөл шалтгаан, эрсдэл өдөөгч хүчин зүйл” судалгааг улсын хэмжээнд хийсэн. 10-14, 15-19, 20-24, 25-29 насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг, хоёрдугаарт амиа хорлолт багтсан. Сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй байдаг өсвөр үеийнхэн ийм байдлаар амиа алдах нь эрс өслөө. Гэр бүлээс гадуурх харилцаа ил болох, хүчирхийлэлд өртөх, архидан согтуурах, санхүүгийн дарамтад орох, ажлын ачааллаас болж удаан хугацаанд ядрах, бухимдах, сэтгэл гутралд автах зэрэг нийтлэг шалтгаан амиа хорлох сэдэл төрүүлдэг байсан. Гэтэл одоо хүүхдүүд нэгэнтэйгээ муудалцах, олон хүний дунд эвгүй байдалд орох, үерхдэг охин (залуу)-оосоо салах төдийд болчимгүй үйлдэл хийж байна. Мөн цахим хэрэглээ, үе тэнгийнхний ялгаварлан гадуурхал, эцэг, эхийн зүгээс тавих хатуу шаардлага, хяналт өсвөр үе, залуучуудыг ийм сонголт хийхэд хүргэдэг” гэв.

2021 онд амиа хорлосон хүний тоо олон жилийн дундаж болон өмнөх жилийн мөн үеийнхээс нэмэгдсэн нь цар тахлын нөхцөл байдалтай шууд холбоотой гэдгийг тэрбээр онцлоод, “Хөл хорионы улмаас хүүхдүүд хязгаарлагдмал орчинд, эцэг, эхийн хяналтад илүү олон цагийг өнгөрүүлэх болсон. Ямар ч насны хүн дуртай зүйлээ хийж, түүнээсээ таашаал авч чадахгүй, харилцаа үүсгэхгүй болохоор бухимдах давтамж, хугацаа 30-50 хувиар өсдөг. Энэ нь сэтгэл зүй тогтворгүй, нээлттэй бус болоход нөлөөлдөг” хэмээсэн юм. Тэгвэл дунд насныханд цар тахал, хөл хорио ямар байдлаар нөлөөлсөн талаар “Ажил, орлогогүй болох, санхүүгийн тогтвортой байдал алдагдах, үүндээ гутрах, нойргүйдэх, ирээдүйдээ хэт их санаа зовних зэрэг шалтгаан энэ насныханд голдуу нөлөөлдөг. Мөн гэр бүлийн таагүй харилцаа, үл ойлголцол асуудал дагуулах нь бий” гэлээ.
Амиа хорлосон иргэдийн зонхилох буюу 90 орчим хувь эрэгтэйчүүд байдаг гэнэ. Өнгөрсөн онд, энэ жилийн эхний хоёр улиралд ч “төлөвлөгөө ёсоор” болжээ. Шалтгаан нь эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад нээлттэй бус, илүү дотогшоо, аливаа үүрэг хариуцлагыг хүндээр тусгаж авдагтай холбоотой гэж үздэг байна. Сүүлийн дөрвөн жилд амиа хорлосон 18 хүртэлх насныхны үзүүлэлтээр Улаанбаатарын дараа Хөвсгөл, Увс, Төв аймаг оржээ. Үүний шалтгааныг нарийвчлан судалж, тогтоогоогүй ч ерөнхий боловсролын сургуулийн орчин, гэр бүлийн тогтворгүй байдал зэрэгтэй холбож тайлбарладаг гэнэ.
Дээрх бүгдээс харахад, амиа хорлолт өсвөр үе, залуучуудаас дунд насныханд “халдварлажээ”. Цар тахлаас үүдэлтэй нийгмийн асуудлууд иргэдийн эдийн засаг, амьжиргааны түвшнийг доройтуулаад зогсохгүй сэтгэл зүйг нь уруудуулжээ. Үүний улмаас өдөр бүр нэг иргэн нартаас харамсалтайгаар буцаж байна.