
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальков, Засгийн газрын даргын орлогч Т.Голикова нарын тэргүүлсэн Коронавирусийнн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг зогсоох чиг үүрэг бүхий шуурхай штаб нь тухайн улстай агаарын харилцаа нээсэн, эсэхээс үл хамааран гадаад оюутнуудыг хилээр нэвтрүүлэх асуудлыг нааштайгаар шийдвэрлэж өгөх тухай зохицуулалт боловсруулжээ. Тодруулбал, Шинжлэх ухаан, дээд боловсрол, Гадаад хэргийн яам болон Холбооны хяналтын “Роспотребнадзор” албанаас хамтран гаргасан хүсэлтийг хүлээн авч, дээрх үйл ажиллагаанд холбогдох зохицуулалтыг боловсруулж эхэлсэн талаар наймдугаар сарын 20-нд мэдэгдэв.
Тус мэдэгдэлд ОХУ-д үргэлжлүүлэн суралцах гадаадын оюутнууд (насанд хүрсэн) сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамрагдах боломжтой, тодорхой шалтгааны улмаас биечлэн ирж чадахгүй оюутнууд цахим хэлбэрээр хичээлд хамрагдах нөхцөлөөр үргэлжлүүлэн суралцах талаар дурдсан байна.
Гадаадын оюутнуудыг хилээр хэрхэн нэвтрүүлэх асуудлаар ОХУ-ын холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, зохицуулалт одоогоор хараахан гараагүй байгаа бөгөөд энэ талаар тодорхой мэдээлэл гармагц ГХЯ-наас мэдэгдэх болно хэмээв.