
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өчигдөр цахимаар зохион байгуулав. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд одоогоор 17 660 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэсэн гэнэ. Түүхий эдийн 209 мянган тонн нөөц бий бөгөөд энэ нь 196 656 тонн бүтээгдэхүүн гаргахад хүрэлцэх төдийгүй түлш хийхэд шаардлагатай барьцалдуулагч хангалттай, үйлдвэрлэл нь хэвийн явагдаж буй аж. Түүнчлэн хариуцлагын гэрээ байгуулсан үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, иргэдийг дархлаажуулалтад хамруулж буй цэгүүдийн байршлыг тодорхой болгон, олон нийтэд тогтмол мэдээлэхийг холбогдох албаныханд Улаанбаатар хотын захирагч үүрэг болгов. Мөн хичээлийн шинэ жил эхлэх дөхсөнтэй холбоотойгоор хурдан морь уралдуулах, бөх барилдуулах зэрэг халдварын эрсдэл үүсгэхүйц, олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байхыг анхааруулсан юм. Улмаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисын нөөцийн хэмжээг нэмж, цэвэрлэгээ, үйлчилгээний чанарыг сайжруулан, сургалтыг тасралтгүй, хэвийн явуулах бэлтгэл ажлыг сайтар хангахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Засаг дарга нарт сануулжээ. Дулааны шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгууламжийн их болон урсгал засвар, шинэчлэлийн ажлыг шуурхай гүйцэтгэн, газрын зөрчлийг арилгаж, чөлөөлөгдсөн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэн, тохижуулалтад хяналт тавихыг үүрэг болгосон аж. Ташрамд дурдахад, одоогоор ерөнхий боловсролын сургуульд элсэх хүүхдүүдийн 41.7 хувь нь цахимаар бүртгүүлсэн бол 12-15 настнуудын 55.9, багш, ажилчдын 53.3 хувь нь вакцинд хамрагдсан гэнэ.