
Одоогоос долоон сарын өмнө буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулсны дараахан “Богдхан төмөр зам”-ын трасстай газар дээр нь танилцаж байв. Ингэхдээ тус замын ТЭЗҮ-ийг зургаан сарын дотор яаралтай боловсруулах, гарч болох эрсдэлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг холбогдох сайд, албаныханд даалгасан билээ. Тэгвэл энэ долоо хоногийн эхэнд Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Засгийн газар эл ажлыг яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулж, дуусгахаар төлөвлөжээ. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, нийслэлийн Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135.8 км үргэлжлэх, зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт юм. Мөн 16.6 км урттай хоёр туннелийг Монгол Улсад анх удаа барих аж.
“2024 ОН ГЭХЭД ДУУСГАХЫН ТУЛД ЭНЭ ӨВЛИЙГ АШИГЛАХ ЁСТОЙ”
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус төслийг нээх үеэр “Богдхан төмөр зам” нь Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлээд зогсохгүй Улаанбаатарын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болгох, авто замын түгжрэлийг бууруулах үндсэн шийдлүүдийн нэг. Засгийн газраас Засгийн газрын хооронд том төслүүд гацах гээд байдаг. Тиймээс бүх боломжоо дайчлан, Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад ажилласан хүчийг хамруулна. 2024 оноос өмнө дуусгахын тулд бид энэ өвлийг ашиглах ёстой. Учир нь энэ өвөл гэхэд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ТЭЗҮ-ийг хийж, аж ахуйн нэгж, иргэдийнхээ дунд томоохон хэлэлцүүлэг өрнүүлнэ” хэмээн онцолж, бүтээн байгуулалтын ажилд амжилт хүссэн юм.
Тэрбээр “Ерөнхий сайдаар томилогдоод УИХ-ын чуулганы хуралдаанд “Хүн амын олонх нь амьдран суугаа их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн нийслэлийн удирдлагад даатган орхихгүй. Бүх талаар дэмжиж, тэдэнтэйгээ хамтран ажиллана. Улаанбаатарын төвлөрлийг багасгана. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийг үе шаттайгаар бий болгон шийдвэрлэнэ” хэмээн амласнаа ч сануулав. Үүнийг ашиглалтад оруулснаар Улаанбаатарын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минут зарцуулж байгааг 57 хувиар буурахаар тооцсон байна. Төмөр замын одоогийн шугамаар зорчигчийн галт тэрэг аялуулах, хот, дүүргийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглах юм. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатарын төвөөр төмөр зам 35 км/цагийн хурдтай дамжин өнгөрч байгаа. Үүнийг болон өөр бусад асуудлыг шийдвэрлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой” хэмээн онцлов.

Засгийн газрын тэргүүн “Хэлсэн үг, дэвшүүлсэн зорилтоо бодитой ажил болгохын тулд Ерөнхий сайд өөрөө биечлэн удирдах үндэсний таван хороо байгуулсны нэг нь хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, нийслэлийн түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ. Авто замын түгжрэлийг бууруулахтай холбоотойгоор давс мэт шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлагатай нүүр тулж байгаа нь үнэн. Амаргүй зарим шийдлийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх шууд ардчиллын аргыг ч хэрэглэхийг үгүйсгэхгүй. Богдхан төмөр зам бол хот, хөдөөгийн зохист тэнцвэрийг хангах томоохон бөгөөд үндсэн шийдлүүдийн нэг. Энэ нь цаашдын олон томоохон ажлын суурь болох юм. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн нэн хүнд үеийг бид туулж байна. Цаг үе хүнд байгаа ч бид нэгдэн нягтарч, хамтран ажиллаж, сорилтыг даван туулахын төлөө энгийн үеэс илүү хичээх шаардлагатай. Үүнд улс, нийслэлийн удирдлагаас гадна иргэн, аж ахуйн нэгж бүхний идэвхтэй оролцоо ч чухал” гэв.
ХОЙД ХӨРШТЭЙ ХЭЛЦЭЛ ХИЙЖ БАЙГАА ГЭВ
“Богдхан төмөр зам”-ын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. “Эрдэнэс Тавантолгой” эл төслийг бүрэн санхүүжүүлэх юм байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлснээр уг төсөлд хамгийн ихдээ 600 сая гаруй ам.доллар шаардлагатай аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ тухайд “Эхний ээлжид ОХУ-ын талтай ярилцах ёстой. Энэ нь “Улаанбаатар төмөр зам”-ын бүрдэл хэсэг байх учиртай. Үүний талаар хойд хөрштэй хэлцэл хийж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” эхлээд 150-200 орчим сая ам.доллар гаргахаар тооцсон. Санхүүжилтийн графикийг хоёр улсын хэлэлцээрээс болж хүлээлгэх боломжгүй учраас бид түрүүлээд хөрөнгөө гаргаж байгаа. Үндсэндээ 50, 50 хувийн оролцоотой байхаар ярилцаж байгаа гэж ойлгож болно. Ерөнхийлөгч ОХУ-д айлчилна. Засгийн газар хоорондын комисс мөн хуралдаж байгаа. Тус улсын Элчин сайдтай уулзсан. Манайх 50 хувиа бариад дуусахад Оросын тал 50 хувиа бидэнд худалдах уу, эсвэл хөрөнгө оруулалтаа хийх үү гэдэг талаар ярилцаж байгаа гэсэн үг. Санхүүжилтийн хувьд ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарласан.
Гэхдээ “Богдхан төмөр зам”-ын зураг төсөл бүгд бэлэн болчихоогүй. Зураг, төслийг түрүүчээс нь хийгээд явж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлсэн. Тэрбээр “Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын төслийн зургийг 5-10 км-ээр таслан хийсэн. Зураг төслөө 100 хувь дуусгачихаад хийнэ гэвэл 3-4 жил шаардлагатай. Ингэж зэрэгцэж явуулснаараа бид цаг хожино. Манайхан бас шууд зам бариад явах юм шиг бодож магадгүй. Бэлтгэл ажил шаардлагатай. Хамгийн наад зах нь трассын дагуух худгаа гаргана. Таван км тутамд худаг байх ёстой. Ингэснээр далангийнхаа үеийг тавихдаа чийгшүүлж, нягтаршил нь 96-98 хувьд хүрэх юм. Дараа нь даланд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулаа хийнэ. Урьдчилан тооцсон зүйл бидэнд бий. Бүтээн байгуулалтын ажлыг энэ мэтээр явуулна” гэж байлаа. “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Газар шорооны нарийвчилсан ажлууд ирэх оны гуравдугаар сараас хийгдэх болов уу. Далан болон туннелиэс бусад төмөр замын бүтээн байгуулалтыг бид хоёр жилийн хугацаанд барих тооцоотой байна. 2024 он гэхэд туннелийг хүлээлгэн өгнө” гэх тайлбар өгсөн. Үндсэндээ хугацаандаа хүлээлгэн өгөх, эсэх нь туннелийн бүтээн байгуулалтаас хамаарахаар байгаа бөгөөд анх удаа хийх гэж буй тул олон улсын туршлагыг ч судлах аж.