
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын есдүгээр зүйлд заасан "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах" зохицуулалтын хэрэгжилтийн явц, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй зохион байгуулах чиглэлээр болон шинэлэг систем нэвтрүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хурлаа хийлээ. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт, гишүүдээр Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр, “Замын хөдөлгөөний удирдлагын төв”-ийн дарга Д.Одбаяр зэрэг тэргүүтэй албаныхан ажиллаж байгаа аж.
Энэ удаагийн хуралд “Автомашин ачигчдын нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Наранбаатар болон холбогдох албан хаагчид, автомашин ачигч компанийн төлөөлөл оролцож эрхэлж буй үйл ажиллагаа, тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийнхээ талаар танилцууллаа.
Тус холбооноос www.auto-ub.com цахим системийг ашиглалтад оруулжээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байрлуулсан байж болзошгүй тээврийн хэрэгслийн зураг, мэдээллийг тухайн компанийн ажилтнууд системд оруулж, улмаар ТЦА-наас дүрэм зөрчсөн, эсэхийг хянан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулж байгаа аж. Харин иргэд тус вэбсайтаас хууль, эрх зүйн мэдээ, мэдээлэл, ачигч, зөөх үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын мэдээлэл болон тээврийн хэрэгслийг нь хааш нь зөөж, шилжүүлсэн зэрэг мэдээллийг авах боломжтой.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хурлын Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Б.Сэргэлэнбаатар “Дэлхийн бүх л улсад тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйлчилгээ байдаг. Хамгийн гол нь бид харилцааг зөв зохицуулах ёстой. Бид хууль, дүрэмтэй улсад амьдарч байгаа учраас иргэд, компанийн ажилтнууд дур зоргоороо авирладаг байж болохгүй. Иргэд хуулийн мэдлэггүй, магадгүй хувийн компаниуд үүнийг нь далимдуулж торгох, шийтгэж байна гэдэг үнэн. Тиймээс зохицуулалт хийх ёстой” гэв.
Ажлын хэсгийн гишүүд хуралдааны төгсгөлд холбогдох бүх байгууллагаас санал авч, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журамд өөрчлөлт оруулахаар тогтлоо. Ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт энэ талаар “Тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхэд төрийн байгууллага, иргэн, хувийн хэвшлийн хооронд үл ойлголцол гарч, сүүлчийн саруудад улам даамжирч байна. Тэгэхээр гарч буй асуудлыг судалж, дүрэм, журамдаа тухай бүрд нийцүүлэн зохицуулалтыг өөрчлөх ёстой. Тиймээс журамд тодорхой өөрчлөлт оруулах шаардлага гараад байгаа юм. Ингэхдээ хэтэрхий нэг талыг барьж биш, холбогдох бүх байгууллагаас санал авч одоогийн ачиж, түр саатуулах үйл ажиллагааг хялбаршуулах, иргэдэд мэдэгдэх, гар утсанд нь зурвас илгээх, зарим тохиолдолд холбогдож мэдэгдэх зэрэг санал гаргаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал