
"Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цар тахлын үед ажлын байраа хадгалсан, нэмэгдүүлсэн аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих механизмыг бий болгож, цар тахлын нөлөөнд ихээр өртсөн салбаруудыг дэмжиж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Үүний хүрээнд "iUB" буюу Инновацлаг Улаанбаатар аяныг хэрэгжүүлж байна. Эл аян нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээллийн технологи, интернетэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээг нэвтрүүлэх зорилготой юм.
Тодруулбал, цаасны уламжлалт хэрэглээг халж, эдийн засгийн хэмнэлт үүсгэх, худалдаа үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн удирдлагын системийг нэвтрүүлэх, цар тахлын үед аж ахуйн нэгж байгууллагууд иргэдэд дараалалгүй хурдан үйлчилгээг үзүүлснээр коронавируст халдварын эрсдэлийг саармагжуулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой юм. Аяны хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын тамгын газрууд хамтран ажиллаж байна.
Тэгвэл есөн дүүргийг төлөөлж 27 албан хаагч нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар зохион байгуулсан хуралд оролцсон юм. Тус газрын дарга Л.Тулгабаатар "iUB" аяны үйл ажиллагааны чиглэл, хэрэгжилтийн тухай есөн дүүргийн төлөөлөлд танилцуулж, албан хаагчдыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллалаа. Хуралд дүүргүүдийн Засаг даргын орлогчид, хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар, үйлдвэрлэл, инновац хариуцсан мэргэжилтнүүд оролцсон юм.
Эх сурвалж: Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар