
Засгийн газраас хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зохион байгуулах ажлыг 2018 онд эхлүүлсэн. Үүнд шаардагдах зардлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр баталж, санхүүжүүлж буй. Энэ талаар ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайханаас тодрууллаа.
-Иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна гэдгийг эрүүл мэндийн сайд мэдээлсэн. Энэ нь шинэ зүйл биш шүү дээ. 2018 онооос хойш хэрэгжиж ирсэн журам. Эрт үзлэгт иргэдээ ямар зохион байгуулалтаар хамруулж байгаа вэ ?
-УИХ-ын 52 дугаар тогтоолоор баталсан алсын хараа 2050, Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүн амийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношлогооний багц үйл ажиллагаа явагдаж байгаа. Энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь хүн амын нас, хүйс, онцлогт нь тохируулан эрт илрүүлэх шинжилгээг хийдэг. Өөрөөр хэлбэл, иргэдээ аливаа нэг өвчин тусахаас нь өмнө эрт илрүүлэх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг өгөх зорилготой үйл ажиллагаа юм.
Иргэд өөрийн харьяа, дүүргийн эмнэлэгт очиж урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах юм. Бид эрүүл мэндийн байгууллагын ачааллыг тооцож иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд уг үзлэг шинжилгээнд иргэдийг жил бүр хамруулахдаа төрсөн сард нь хамруулах эсвэл насны бүлгээс нь хамаарч сар бүр хамруулах гэсэн зохицуулалтыг хийх боломжтой. Тухайлбал, 18-35 насны иргэдийг тухайн жилийн 1-3 дугаар сард, 35-45 насны иргэдийг 4-6 дүгээр сард, 46-64 насны иргэдийг 7-9 дүгээр сард, 65-аас дээш насны иргэдийг 10-12 дугаар сард хамруулах зэрэг тодорхой зохицуулалтыг хийх боломжтой гэж үзэж байна.
- Урьдчилсан сэргийлэх үзлэгт ямар ямар шинжилгээг авдаг талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?
- 18-аас дээш насны даатгуулагчид 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд хамрагдах боломжтой. Даатгуулагчийн насны бүлгээс хамаарч 43000-75000 төгрөгийн багц үйлчилгээг үнэгүй үзүүлдэг.
-Уг урьдчилсан сэргийлэх үзлэгт иргэдийн хамрагдалт хэр байдаг вэ ?
-“Даатгуулагчийг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээнд хамруулах журам” болон “Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц”-ын дагуу 2020 онд нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг 427700 хүн хамрагдаж, 6,6 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан. Харин энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд 38957 даатгуулагч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, 1,55 төгрөгийн санхүүжилтийг олгосон.
Уг үзлэгт 18 дээш насны хүн амын 10 хувь хамрагдана гэж тооцвол эрүүл мэндийн даатгалын сангаас 12,1 тэрбум төгрөг, 30 хувь хамрагдвал 36,5 тэрбум төгрөг, 50 хувь хамрагдвал 60,8 тэрбум төгрөг, 70 хувь хамрагдвал 85,2 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоолол бий.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа
18-аас дээш насны даатгуулагчид дараах 12 нэр төрлийн оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамрагдах боломжтой

