
Засгийн газар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд ахлан ажиллаж буй. Өнгөрсөн өдрүүдэд тэдгээрийн зарим нь анхны хуралдаанаа хийлээ. Тухайлбал, Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хорооны орлогч даргаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, нарийн бичгийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо нар ажиллана. Манай улс хүний хөгжлийн индексээр дэлхийн 189 орноос 92 дугаарт эрэмбэлэгдэж байна. Тиймээс уг индексийн шалгуур үзүүлэлт бүрт үндэсний хороо анхаарч, салбаруудын уялдаа холбоог сайтар хангаж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд анхааруулав.
Эрүүл мэндийн сайд бөгөөд тус хорооны гишүүн С.Энхболд “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Алсын хараа-2050” бодлогын дагуу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан сэргийлэх, эрт илрүүлэх зорилгоор 14 үзлэг хийж буй. Гэвч 18-аас дээш насны нийт хүн амын 7.8 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байна. Иймд 12 төрлийн урьдчилан сэргийлэх шинжилгээ хийж буйг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв. Үндэсний хорооны орлогч дарга Л.Энх-Амгалан “Боловсролын индексээр манай улс 189 улсаас 103 дугаарт бий. Салбарын засаглал, удирдлага, зохион байгуулалт, томилгооны тогтолцоо оновчтой бус, хот, хөдөөгийн боловсролын ялгаа их, түвшин хоорондын уялдаа холбоо сул, сургалтын хөтөлбөр тогтворгүй, насан туршийн боловсролын тогтолцоо төлөвшөөгүй зэрэг нь тулгамдсан асуудал боллоо. Иймд Боловсролын ерөнхий хуулиар дамжуулан шинэчилж, насан туршийн боловсролын тогтолцооны зарчмаар хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр 2030 онд хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.85, ядуурлын түвшнийг 15, ажилгүйдлийг долоон хувьд хүргэх боломжтой” хэмээсэн. Хүний хөгжлийн индекс манай улсад 1990 онд 0.598 байсан бол 2019 онд 0.737 болж, 27.5 хувиар өссөн байна. Мөн төрөх үеэс тооцсон дундаж наслалт 9.6, сургуульд суралцах хугацаа дөрвөн жилээр уртсаж, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 4 622 ам.доллароос 10 839 болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав.
Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хорооны орлогч даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, нарийн бичгийн даргаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар ажиллана. Төрийн байгууллагын хүнд суртал, авлигын шинжтэй гомдол, мэдээллийг иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөр хүлээн авч, хариу, мэдээлэл өгөх, эргэх холбоотой байх ажлыг эрчимжүүлэхэд үндэсний хороо анхаарах шаардлагатайг Ерөнхий сайд хэлж байлаа. Мөн яам, төрийн байгууллагуудад давхардсан бүтэц үүсгэхгүй байхыг анхааруулаад, мэдээллийн нэгдсэн систем бий болгож, чиг үүргийнхээ дагуу хүндрэл, чирэгдэл учруулахгүй ажиллах цогц бодлого төлөвлөн, хэрэгжилтэд анхаарахыг даалгав. Хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн сан бүрдүүлж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх үндэсний хорооны орлогч дарга нь Сангийн сайд Б.Жавхлан, нарийн бичгийн дарга нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал. Үндэсний хорооныхон Сингапур улс боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, түгжрэлийн болон орон сууцжуулах асуудлаа хуримтлалын нэгдсэн сангаараа дамжуулж шийдсэн загварыг судалж, Гадаад харилцааны яамаар дамжуулан, холбогдох албаныхантай нь харилцаж байгаа юм байна. Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх бодлогын талаар нэгтгэн танилцуулахыг даалгасан бөгөөд мэдээллийг нь маргааш сонсох аж. Мөн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хувийн хэвшлийг оролцуулсан 12-15 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө. Түүнчлэн ажлын хэсэгт орсон бүх байгууллагаас санал авч, төлөвлөгөө гаргаж ажиллахыг даалгав.
Бэлтгэсэн У.Наран