
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч асан Х.Баттулгийг Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр сонгогдсонд "баяр хүргэжээ". Тэрбээр, өөрийн цахим хуудсаараа дамжуулан Х.Баттулгийг "Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг ээ" хэмээн элдэвлээд амжиж.

Ч.Хүрэлбаатар угаас Х.Баттулгийн шийдвэрийг шүүмжилж, эсрэг байр суурьтай байдаг. Тухайлбал, өнгөрсөн удаад Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Өрх бүрт нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн барьж байсан удаатай. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсаараа дамжуулан "Оффшороос ямар ч мөнгө Төрийн санд орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого, тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хувь хүний хөрөнгийг улс хураан авахыг зөвхөн шүүх шийднэ. Монгол Улс хууль дүрэмгүй улс уу? Диктатор гараад ирчихсэн юм уу?" хэмээн жиргэж байсан.

Мөн Х.Баттулгийн 2021 оны төсвийн тухай хуульд хориг тавьсан үйлдэлд "2021 оны төсвийн хоригийг хараад сууж байна. Уламжлал ёсоороо алдаатай, зөрчилтэй хориг болжээ. Төсөвт бүхэлд нь эсвэл, хэсэгчлэн хориг тавьдаг. Бүхэлд нь хориг тавьж байна гэчихээд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын санд хориг тавихгүйгээр зөвхөн Улсын төсөвт хориг тавьжээ. Алджээ" хэмээн хариу барьсан удаатай.
